МУГЖ Г.АРИУНБААТАР ИСПАНИЙН ТЕАТРТ ТАВИГДАХ “АИДА” ДУУРЬД ТОГЛОНО

2023-03-1 Соёл урлаг

Испанийн нэрт зохиолч Перез Галдосын нэрэмжит театрт энэ сарын 14-ний өдөр Италийн хөгжмийн зохиолч Жузеппе Вердийн “Аида” дуурийг тавина. Уг дуурийн гол дүрүүдийн нэг болох Амонасрогийн дүрийг баритон МУГЖ Г.Ариунбаатар бүтээхээр болжээ.

Этоип улсын гүнж Аида Египет улсад боолчлогдон очиж, цэргийн дарга Радаместай хайр сэтгэлийн холбоо тогтооно. Эртний Египетийн фараогийн охин Амнерис тэдний хайр сэтгэлийн бас нэгэн хүнд шалгуур болдог аж. Аидагийн дүрд дэлхийн шилдэг сопрануудын нэгд зүй ёсоор тооцогддог Уругвайн жүжигчин Мариа Хосе Сири тоглоно.

Радамесын дүрийг Испанийн тенор Серхио Эскобар, Амнерисын дүрийг Румын гаралтай меццосопрано Жудит Кутаси, Рамфисын дүрийг Испанийн басс-баритон Мануэль Фуэнтес бүтээх бол хааны дүрд басс Херобоам Техера Бахо тоглох ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.