Энэ өдөр үндэсний сэтгүүл зүй 104 дэх жилийнхээ түүхийн хуудастай золгож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа. Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу Олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн хэрэг байлаа. “Шинэ толь хэмээх бичиг”-ийн эрхлэгч нь Ж.Цэвээн байв. Тэрбээр Монголын анхны тогтмол хэвлэлийг санаачлан үүсгэж, нийтлэлийг нь төлөвшүүлэхэд өөрийн бүтээлээр үлгэр үзүүлсэн гэж хэвлэлийн түүхнээ бичжээ. Тиймээс 1993 оноос эхлэн сэтгүүлч, судлаачид Ж.Цэвээнийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж үзэх болсон юм.
Өнөөдөр Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн мэргэжлийн толгой байгууллага болох МСНЭ энэ өдөр сэтгүүлзүйн хүндэт ахмадууд болох МУСГЗ Б.Лигдэн, МУСГЗ Д.Дорждулам, МУСГЗ М.Шийрэв нарт “Алтан өргөмжлөл” хүртээж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр МУСГЗ Д.Дорждулам гуай мэргэжил нэгтнүүддээ ойн мэнд хүргээд “Би өнөөдөр 82 нас хүрч байна. Энэ салбарт 54 жил зүтгэжээ. Анх малын эмч байсан намайг сэтгүүл зүйн салбар халуун дулаанаар угтан авч, Москвад хүртэл сургууль төгсгөлөө. Мэргэжлийнхээ буянаар олон ч сайхан газраар явлаа. Өнөөдөр ч би ажлаа хийсээр байна. Ер нь сэтгүүлч хүн тэтгэвэрт гардаггүй юм байна. Нийгмийн сайн сайхан, болохгүй бүтэхгүй байгаа юмыг бичмээр, илчилмээр санагдаад, ажлаа хийсээр л байх юм. Тиймдээ ч миний хувьд, үхэн үхтлээ мэргэжилдээ үнэнч байсаар байх болно. Залуу сэтгүүлч нарт хэлэхэд, мэргэжилдээ үнэнч байж, ард түмнийхээ дуу хоолой болж яваарай” хэмээн алтан сургаалиа хайрласан юм.
…Зуунаас илүүг элээсэн сэтгүүл зүйн түүх өдгөө тун чиг зузаарч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр төрөл, тоо ширхэг олширч, бид олуулаа, бүлтэй, хүчтэй болсон. Монголчууд өдгөө кабелийн телевизийн 70 орчим сувгаар 20 орчим хэл дээр мэдээлэл хүлээн авч, өдөр тутмын 16 сонин гарч, Улаанбаатарт 18, орон нутагт 79, Монгол Улс даяар хоёр, нийт 99 телевиз эфирийн үйлчилгээ, 72 кабелийн телевиз үйл ажиллагаа явуулж байна. Интернетийн хэрэглээ 2002 оныхтой харьцуулахад 400 дахин өсч, 150 суманд интернет хэрэглэж байна. Манай орон өнөөдөр 1000 хүнд ноогдох хэвлэл мэдээллин хэрэгслийн тоогоор дэлхийн дундаж хөгжилтэй орнуудын үзүүлэлтээс өндөр байна. (2016 оны тавдугаар сарын тоо) Ийнхүү мэдээллийн даяарчлал манай улсад ямар хүчтэй байгааг дээрх тоон үзүүлэлтээс харж болно.
Өнөөдөр мөн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээний шилдэг сэтгүүлчид олгодог ур чадварын дээд шагнал болох “Алтан дүрмийн эзэн” цол тэмдгээр энэ жил “25-р суваг” телевизийн Мэдээллийн албаны сэтгүүлч Г.Мөнхтуул, мэдээллийн “Itoim” цахим хуудасны сэтгүүлч Г.Улсболд, гэрэл зурагчин Б.Бямба-Очир нарыг шагналаа.
Энэхүү шагналыг Монголын мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг мэдээний шилдэг сэтгүүлчийг урамшуулахаар МСНЭ-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд өнгөрөгч онд санаачлан бий болгосон билээ. “Алтан дүрмийн эзэн” шагнал нь сэтгүүлзүйн амин сүнс болсон мэдээг орчин үеийн стандарт, шаардлага, зарчимд нийцүүлэн биечлэн бэлтгэдэг шилдэг сурвалжлагчид олгодгоороо онцлогтой. Жил бүр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа телевиз-радио, сонин-сэтгүүл, мэдээллийн сайт гэсэн гурван төрлөөс шалгаруулан шагнаж байхаар тогтсон байна.
Мөн 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй сэтгүүлзүйн анхдагчийг батламжлах ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ удаад сэтгүүлч Ж.Нэргүйг анхдагчаар тодруулсан юм. Тэрбээр 1990 оноос хойш тасралтгүй 25 жил төрийн байгууллагад хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж буй аж. Тиймээс энэхүү түүхэн өдөр түүнийг “Монгол Улсын хэвлэлийн анхны төлөөлөгч” мөн болохыг ийнхүү батламжлав.
С.Гэрэлсүх
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.