“Өөдрөг амьдрал” ТББ –аас ХДХВ/ДОХ, бэлгийн цөөнхийн асуудлыг хөндсөн уулзалт зохион байгууллаа. “Бид нэг тэнгэр дор” ХДХВ/ДОХ –оос үүдэлтэй ялгаварлан гадуурхалтыг бууруулахад нөлөөлөх уулзалтын зочид нь сэтгүүлчид байв.
Уулзалтад одоогоос 20 жилийн өмнө ХДХВ-ийн халдвар авсан эмэгтэй өөрийн түүхийг хуваалцлаа. Тухайн үед 21-хэн настай байсан түүнийг гэр бүлийнхэн нь хөөж, хууль хяналтын байгууллагад байцаагдан хоригдож, наашаа гэх хүнгүй, олон өдөр өнгөрчээ. Тэрбээр 1999 онд НҮБ-д сайн дурын ажилтанаар ажиллах болж, дараа нь төрийн бус байгууллагаа нээж ХДХВ-ийн халдвартай буюу ДОХ-оор өвчилсөн хүмүүсийг нийгмийн идэвхтэй амьдралд оролцуулах, хүний эрх, эрх чөлөө, ялгаварлан гадуурхахдахаас хамгаалах ажил эрхлэх болжээ.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 229 хүн ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгдсэний 36 нь насан эцэслэсэн байна. Нас барагсдын дийлэнх нь хожуу үедээ мэдсэн, сэтгэл санаагаар унасан, архинд донтсон, уух эм байхгүй зэрэг олон шалтгаантай. ХДХВ-ийг тогтоон барьдаг эмийн гурван сарын хэрэглээ анх 1000 ам.доллар байжээ. Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг олон ч хүний хамтын ажиллагааны үр дүнд одоо халдвартай иргэдэд Засгийн газраас эмийг үнэгүй өгдөг болсон байна. Тус эмийн /гурван сарын хэрэглээ /зах зээлийн үнэ одоо 40 ам.доллар болжээ.
Эм хэрэглэдэггүй байх үед ХДХВ-тэй хүмүүс 5-15 жил халдвартай амьдраад ДОХ-оор өвчлөөд 1.5-2 жилийн дараа нас бардаг байжээ. Харин одоо вирусийг удаан тогтоох зориулалттай эм хэрэглэх болсноор урт наслах боломжтой болжээ. Монгол хүний дундаж наслалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 67 гэж тогтоосон байдаг. Харин халдвартай хүн эмээ өдөр бүр уувал 65 хүртэл наслах боломжтой гэж үзжээ.
Тэр орой бүр эм уудаг бөгөөд тэр үед л өөрийгөө ХДХВ-тэй гэдгээ мэдэрдэг байна. Түүнээс бусад үед энэ эмэгтэй амьдралынхаа төлөө тэмцэж яваа хоёр хүүхдийн эх билээ. Түүний хоёр хүүхэд халдваргүй эрүүл бөгөөд Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвартай 10 эхээс эрүүл саруул 15 хүүхэд мэндэлсэн байна. Түүний ярьснаар сүүлийн жилүүдэд ДОХ-оор нас барах тохиолдол алга болсон гэнэ.
Дэлхийн хэмжээнд секундэд найман хүн ХДХВ/ДОХ-ын халдвар авч байдаг бол долоо нь халдвар авснаа огт мэддэггүй гэнэ. Тиймээс гэр бүлээс гадуурх харилцааг тэвчих, гэр бүлгүй нь заавал бэлгэвч хэрэглэж дадахыг тэрбээр сануулсаар байна. Мөн бэлгийн замын өвчин тусахгүй байх нь ХДХВ/ДОХ-ын халдвар авах эрсдэлийг бууруулна гэлээ.
Хүүхэд нялх балчир наснаасаа эхлээд өөрөө хүйсээ илэрхийлдэг. Олон охид багадаа ээжийнхээ дуфль, уруулын будгаар гангардагийг мэдэх байх. Үүнтэй адилаар трансжендер хүмүүс ч багадаа ээжийнхээ шунханд дурлаж, том болоод эмэгтэй хүний хувцас, хэрэглэлийг биширч, өөрөө өмсөхийг хүсдэг. Тэдний энэ үйлдлийг олдмол гэж тодорхойлж болохгүй, угийн төрөлхийн шинж чанар аж. Гей хүмүүс ч үүнд хамаатай.
Уулзалтад гей залуу Ч, трансжендер Н нар оролцож өөрсдийн амьдралын талаар өгүүлэв. Тэдний гэр бүлийнхэн бэлгийн чиг хандлагыг нь мэдсэнээр их эмзэглэж, гадуурхах болжээ. Саяхнаас л холбоогүй болсон ах эгч нь холбогдох болж, ойлгож эхэлсэн гэнэ. Тэдний хэлснээр энэ төрлийн хүмүүс нийгмээс өөрсдийгөө тусгаарлан эдлэх ёстой олон эрхээсээ татгалздаг байна. Мөн тэднийг хэн ч ажиллуулах хүсэлгүй байдаг нь харамсалтай. Гадуур явахад шууд барьж зодох зэргээр гэмтээх нь бага ч хэл амаар доромжлох, хов жив болгон ярих, хүмүүс зайгаа барих үйлдэл нь тэднийг сэтгэл санаагаар маш ихээр унагадаг аж.
Аль ч улсын хүн амын 10 хувийг дээрх хүмүүс эзэлдэг бөгөөд тэднийг зөвхөн ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ хэрэгтэйг ойлгуулахыг оролдсоор байна. Цаашид ч үргэлжилсээр байна гэдгийг Ч,Н нар хэлж байна.
Б.САНЖ
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87386
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.