СОЛОНГОСЫН “АЛТАН ОХИН”

2018-04-30 Танил биш танил

Анх намайг Солонгост хөл тавихад бумбайсан цагаан охины дүр зураг бүхий рекламны самбар, том том зурагт хуудас элбэг тааралдаж байсан юм. Солонгосын талаар Азийн нэгэн орон гэхээс цааш мэдлэггүй надад рекламны самбар дахь басхүү орой болгон телевизийн бүхий л сувгаар рекламанд гардаг тэр охиныг эндхийн кино од л юм байна гэж бодож байлаа. Гэтэл зүгээр нэг кино одтой харьцуулшгүй алдартан буюу дэлхийн спортын тавцанд Солонгосын “Алтан Охин” гэгддэг харин одоо мөсөн дээрх “Хатан хаан” гэж нэрлэгдэх болсон Ким Юна гэх уран гулгагч охин байсан юм билээ.

Kим Юна энэ удаагийн Өвлийн Олимпид эмэгтэй уран гулгагчдаас хамгийн өндөр оноо буюу 228.56 оноогооор алтан медалийн болзол хангасан юм. Тэрбээр Ванкуверын Олимпийн хэвлэл мэдээллийн өрөөнд ярилцлага өгөхдөө: “Бурхан минь. Энэ өдөр хүрээд ирсэн гэдэгт итгэж чадахгүй байна. Би одоо хүртэл авсан оноондоо итгэхгүй байна шүү. Оноо маань эрэгтэй уран гулгагчдын оноонд тун ойрхон дөхөж очлоо шүү дээ. Олимпд амжилт үзүүлэх бас медал авах гэдэг тамирчин бүрийн дээд мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрч чадахгүй болов уу гэж би их түгшиж байсан. Гэвч би чадлаа. Өмнө нь би тамирчдыг үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа яагаад уйлдаг юм бол оо гэж гайхдаг байсан. Гэтэл би сүүлчийнхээ үзүүлбэрийг хийж дууссаныхаа дараа өөрийн эрхгүй уйлчихсан. Яагаад уйлснаа ч бас мэдэхгүй байна …” хэмээн ярьсан юм.
Түүний хөдөлгөөн, гулгалт, үсрэлт бас жүжиглэлт нь үнэхээр уран юм билээ. Эхний өдөр тэрбээр Жеймс Бонд киноны sound track дээр богино үзүүлбэр амжилттай үзүүлэн оноогоор тэргүүлж эхэлсэн бол чөлөөт үзүүлбэр дээр Concerto in F by George Gershwin аялгуун дээр өө сэвгүй уран гулгалтыг харуулж, Олимпийн аварга болж чадлаа.
Ирээдүйн Олимпийн аваргын тухай нэвтрүүлэг “Ванкувер -2010” Олимпын эмэгтэй уран гулгагчдын сүүлийн, шийдвэрлэх тоглолт болохын өмнөх өдөр Солонгосын телевизээр гарсан юм. Мэдээж, Солонгосын телевизүүдээр өөрсдийнхөө тамирчдын Олимпод гаргаж байгаа амжилтуудыг давтан давтан харуулж байсан ч зөвхөн Ким Юнад бүтэн цагийн нэвтрүүлгийг зориулан, урьдчилан бэлтгэсэн байв. Тэгэхээр Солонгосчууд эмэгтэйчүүдийн уран гулгалтандаа алтан медаль авна гэсэн бүрэн итгэлтэй байсан нь энэ нэвтрүүлгээс харагдаж байлаа.

ШҮДЭНДЭЭ АППАРАТТАЙ БЯЦХАН ОХИН

Ким Юна 1990 оны 9-р сарын 5-нд төрсөн. Гэвч түүний насыг Олимпийн танилцуулга дээр 19 гэж бичсэн байсан. Түүнийг 7 настай байхад ээж нь дагуулан, хотынхоо уран гулгалтын клубыг зорьж байжээ. Дасгалжуулагч багш тэнцвэрийг нь шалгахаар Ким-д бяцхан цагаан тэшүүр өгөөд “За, мөсөн дээр гараад яваад бай даа” гэхэд анх удаа мөсөн талбай дээр гарч байгаа гэхэд ихэд эвлэгхэн гулгаж байжээ. Сар гаруй хичээллэсний дараа дасгалжуулагч багш нь Юнагийн уран налархай хөдөлгөөн, басхүү хөдөлмөрч занг нь үнэлж, ээжтэй нь зориуд тусгайлан уулзан, авьяаслаг охиныг нь амжилт гаргах бүрэн боломжтой учраас цаашид улам их хичээллэх нь зүйтэй гэдгийг хэлж байжээ.
2005 онд Өсвөрийн Гран При-д медальт байрнаас мултарч байх үед нь авсан ярилцлага дээр дурьдсан баримтат кинон дээр гарч байх юм. Амандаа аппараттай бяцхан охин “2006 оны Олимпод нас маань бага болохоор би оролцож чадахгүй. Бас энэ удаад медаль авч чадсангүй. Гэхдээ би 2010 оны Олимпид Солонгосын анхны медалийг авчрах болно” гэж нулимс дуслуулан хэлж байлаа. Гэтэл сэтгүүлч “Өөртөө бүрэн итгэлтэй байна уу?” гэхэд “Мэдэхгүй” гэж хэлснээ доошоо хараад уйлж байгаа нь өхөөрдмөөр харагдаж байсан. Тэрхэн үед итгэлтэй байгаа эсэхээ мэдэхгүй байсан амандаа аппараттай бяцхан охин өнөөдөр мөрөөдөлдөө хүрч, Ванкуверын “Хатан Хаан” гэх өргөмжлөлийг хүртлээ.

СОЛОНГОСЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ COMMERCIAL GIRL, ТЭРБУМТАН ОХИН

2009 он Ким Юнагийн хувьд жинхэнэ алтан он байлаа. 2008–2009 Grand Prix Final Гранд Прид амжилттай оролцон , Японы тамирчин Mao Asada-гийн дараа мөнгөн медаль хүртэж, 2009 Four Continents Figure Skating Championships аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон алтан медал хүртлээ. Түүнчлэн 2009 оны Уран Гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр гайхамшгийг үзүүлэн, Дэлхийн Аваргын цомыг хүртсэн юм. Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн төрөлд тэрбээр triple flip-triple toe loop болон triple-triple combination гэсэн 2 төрлийн үсрэлтэн дээр дэлхийн дээд амжилтыг тогтоож чадсан билээ. Энэ үеэс эхлэн, Ким Юна Солонгосын шилдэг бизнесийн “акул”-уудын хараанд өртөж, рекламны дүр төрх болж эхэлсэн юм.
2009 он. Хаа сайгүй Ким Юнагийн зурагтай рекламны зурагт хуудаснууд, телевизийн бүх сувгаар түүний тоглосон Самсунг, LG, Hyundia motors-ийн зар сурталчилгаа, бас Ким Юнагүй нэвтрүүлэг гэж байхгүй болов. Нэгхэн жилийн дотор тэрбээр Солонгосыг дэлхийд таниулдаг рекламны дүр төрх, брэнд болж чадсан бөгөөд Солонгосын олон ангит кинонуудад тоглон, од болон гялалзсан жүжигчдийг орлогоороо хол даван, ардаа орхилоо. 2009 онд Солонгосчууд хамгийн хамгийнаа шалгаруулахад Ким Юна яалт ч үгүй Солонгосын хамгийн үнэтэй рекламны дүр төрх басхүү рекламнаас хамгийн их ашиг орлого олсон Солонгосын од болон тодорчээ. Мэдээж түүнийг зар сурталчилгааны нүүр царай болоход уран гулгалтанд гаргасан амжилтаас гадна бурхнаас заяасан дур булаам царай төрх нөлөөлсөн биз ээ. Тэрбээр шүдэндээ аппарат зүүж, шүдээ янзалсныг эс тооцвол Солонгосын бүсгүйчүүдийн шуураад байдаг гоо сайхны мэс засалд орж байгаагүй гэдгийг онцолмоор байна.

ШҮДНИЙ АППАРАТАА АВБАЛ АВАРГА БОЛНО

Ким Юнаг Ванкуверийн Олимпод хүрэлцэн ирэхэд, дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг энэ удаагийн Олимпод алтан медал авч чадах уу үгүй юу гэх мэтээр бичиж байсан. Учир нь 2009 он түүний хувьд ганцхан бэлтгэл сургуулилтаар биш давхар рекламаар дагнаж байсан болохоор энэ нь түүний Олимпод үзүүлэх амжилтанд нөлөөлж болзошгүй гэсэн таамгийг олон хүмүүст төрүүлж байжээ. Хэрвээ Ким Юна Олимпоос медал авч чадахгүй бол хэтэрхий их рекламаар хөөцөлдөж, бэлтгэл сургуулилтандаа цаг бага зарцуулсантай холбоотой гэх мэт “онош”-ууд хөврөх байсан биз. Эцсийн бүлэгт тэр чаджээ. Баяр хүргэхээс өөр яах билээ. Юм юмыг амжуулна гэж энэ л байх даа.
Өөрийн залгамж халаа гэмээр юм уу басхүү 2014 оны Олимпийн алтан медалийн эзэн болохуйц нэгэн уран гулгагчийг Ким Юна дагуулж ирсэн нь одоо 16 настай Kwak Min Jung байлаа. Тэрбээр энэ удаагийн Олимпод 12-т бичигдсэн ч магадгүй ирэх Олимпод алтан медал хүртэх биз ээ. Учир нь тэр яг Ким Юна таван жилийн өмнө амандаа аппараттай уйлж байсан тэр дүр төрхийг өөрийн эрхгүй санагдуулна лээ.

жич: ОХУ-ын Сочи хотноо зохиогдсон Өвлийн XXII Олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр болж 30 тамирчин оролцсоноос 24 нь чөлөөт үзүүлбэрт оролцсон юм. Богино үзүүлбэрийг Ванкуверийн Олимпийн аварга, БНСУ-ын тамирчин Ким Юна 74,92 оноогоор тэргүүлсэн бол Европын хоёр удаагийн аварга, ОХУ-ын уран гулгагч Аделина Сотникова 74.64 оноо, 2012 оны дэлхийн аварга, Италийн нэрт уран гулгагч Каролина Костнер 74.12 оноогоор удаалсан билээ

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.