Бохирыг бохироор угаавал арилмуй…

2019-12-12 Түүхийн жим

Манжийн Энх Амгалан хаан, Тэнгэр тэтгэгч хааны бүрэн намтар болох хоёр төрлийн ном өдгөө хадгалагдан үлджээ. Монголчууд маань Манжийн Нурхайч баатараас Тэнгэр тэтгэгч хааныг хүртэлх 6 хааныг сайн мэдэж баймаар санагддаг. Тэр үед бүх монголчуудын хувь заяа бараанаар шийдэгдсэн байдаг юм. Тэнгэр тэтгэгч хааны өвөг эцэг Энх Амгалан хаан дээр хоёрхон жишээ хэлье.

Энх Амгалан хаан 68 наслахдаа 61 жил төр барьсан. 11 настай анх гэрлэж. Эхний хүүхэд нь 12 настайд нь төрсөн. Хамгийн сүүлчийн хүүхэд нь 64 настайд нь төрсөн. Хаан хууль ёсоор гэрлэсэн, гэрлээгүй нийн 55 эхнэртэй байснаас 30 нь түүнд 56 хүүхэд төрүүлж өгсөн. 20 нь охин, 36 нь хүү төрснөөс 8 охин, 20 хүү нь амьдарч чадсан ажээ. Энэ бол хорвоо их хатуу байсны нэгэн гэрч юм. 20 хүүгийн 18 нь нийтдээ 123 хүүхэд төрүүлсэн ажээ. 2 хүү нь үргүй байжээ.

Энх Амгалан хааны эх нь хятад хатан байсан ба 4 настайд нь өөд болж, түүний эцэг Эеэр засагч хааны ээж, эмэг эх Хорчины Боржигод-ши хатан түүнийг өсгөсөн тул хар багын монгол хэлтэй, Монголын ноёд ээлж дарааллаар ирж түүнд орчуулагчгүй бие биенээ матдаг байжээ. Эхийгээ бодсоор, хятад тайгануудын ятгалгаар хятад хэл соёлд гүн автсан учир хожим манжууд хятадад уусах эхлэлийг тавьсан хаан бол Энх Амгалан хаан билээ. Түүний хэлсэн дараах үгийг монголчууд хэрхэвч мартаж үл болно.

“Бохирыг бохироор угаавал арилмуй. Гарын цусыг шороогоор үрвэл мөн арилмуй. Бид үүний адил монголыг монголоор нь мохоолгов.”

Түүхч, эрдэмтэн Ш.Баатар

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.