ӨРӨӨНИЙ НЯНГ ЦЭЦГЭНД ДААТГАЯ

2020-03-5 Экологи

Тасалгаандаа цэцэг тарьснаар орчин тойронд тохилог, ая тухтай, дулаан уур амьсгал бүрдүүлдэг. Ургамлын ногоон өнгө нь хүний мэдрэлийн систем, харааны нервийг сэргээн тайвшруулахаас гадна тасалгааны агаарыг хэвийн чийглэг болгож, агаарт байгаа тоосыг өөртөө шингээдэг. Тасалгааны ихэнх ургамал нянг устгах чадалтай фитонцит гэдэг дэгдэмхий бодис ялгаруулж, агаарт буй нянг устгадаг.

Цэцэг өрөө тасалгааны нянг устгахаас гадна хүний зан чанарыг илтгэдэг.

Ихэнх хүмүүс гэр, ажлын газартаа өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг. Тэгвэл гэртээ цэцэг тарихаас гадна ажил дээрээ ч цэцэг тарихад буруудахгүй юм. Тасалгааны цэцгийг ургалтын үе, тайван байдалд байх үе гэж хоёр ангилна. Ургалтын үе нь гуравдугаар сараас эхэлдэг. Энэ үеэс эхлэн цэцгийг тасалгааны хамгийн гэрэл ихтэй газар байлгах хэрэгтэй.

Харин есдүгээр сараас ургамлын өсөлт хөгжилт зогсож тайван байдалд шилждэг. Өвөл гэрлийн дутагдлаас болж мөчир сунаж эхэлдэг учир өдрийн болон цахилгаан гэрлээр гэрэлтүүлэх хэрэгтэй. Усалгааг багасгаж, ургамлыг хатаахгүй хэмжээнд усална.

Тасалгааны ихэнх ургамал нянг устгах чадалтай фитонцит гэдэг дэгдэмхий бодис ялгаруулж, агаарт буй нянг устгадаг.

Тасалгааны цэцэг тарихаар шийдсэн бол танд сайн чанарын хөрс бэлтгэх нь хамгаас чухал. Хөрсний найрлагад ойн хар шороо 50, голын элс 20, өтөг бууц 20, азот фосфор, кальцийн бордоо 10 хувь байж цэцэг суулгахад тохиромжтой болно. Хэрэв цөөн тооны цэцэг тарих бол хөрсөө худалдаж аваарай.

Тасалгаанд тарихад тохиромжтой нэгэн цэцгийг санал болгож байна.

Энэ цэцгийг Судалтод гэнэ. Судалтодын шөнөдөө навч нь хуйлагддаг болохоор залбирдаг ургамал гэж нэрлэх нь бий. Энэ цэцгийн уугуул нутаг нь Төв болон Өмнөд Америкийн халуун бүс нутаг. Онгон зэрлэг байгальд 30 гаруй төрөл зүйл байдаг аж. Энэ цэцэг нь бутлаг хэлбэрээр ургадаг булцуут ургамал юм. Өндөр нь 20-30 см навч нь 15 см орчим урт ургана. Навч нь том, зузаан гялалзсан өнгөтэй байдаг. Навч нь улаан цагаан хоёр эгнээ бүхий хүрэн судалтай хурц тод өнгөтэй. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховор бөгөөд байгаль дээр гурван дэлбээ бүхий ногоон хүрээтэй жижиг цагаан цэнхэр цэцэг нэг ишэн дээр 3-5 цэцэг дэлгэрдэг. Навчаараа гоёдог цэцэг тул өрөө тасалгаанд чимэглэлийн зориулалтаар өргөн ашигладаг. Дулаан орчинд дуртай ургамал. Зундаа 25-27 хэмд өвөлдөө 16-18 хэмд байх нь тохиромжтой. Агаарын дулааны өөрчлөлтөд их мэдрэмтгий цэцэг. Чийглэг агаар хүйтэн салхинд тэсвэр муутай.

Усалгаа: Хөрсийг хэт чийгтэй биш байнга бага зэргийн чийглэг байхаар бодож усалгааг хийнэ. Хөрсийг хэт хатааж болохгүй. Үсэрхэг навчтай судалтодтоны төрлийн цэцгийн навчийг шүршиж болон угааж болохгүй гэдгийг анхаараарай. Цэцэгнийхээ дэргэд задгай амсартай саванд ус хийж тавьж орчны агаарыг чийгшүүлж болно мөн хайрга дэвссэн устай тавган дээр цэцгээ байрлуулж болно. Агаарын чийгшил дутсан үед цэцгийн навч борлодог. Навч шарлаж унах нь усалгаа ихдэх, хөрсний нягтшил хэт их байгаагаас болдог.

Үржүүлэх ба шилжүүлэн суулгах: Залуу ургамлын хөрсийг жил бүр хавар сольж савыг томруулна. Том ургамлыг 2-3 жил болоод савыг солино. Ид ургалтын үед нь 14 хоногт нэг удаа бордоно. Өвөл бордолтыг зогсооно. Үрээр болон мөчрийн тайрдасаар үржүүлнэ. Мөн хавар шилжүүлэн суулгахдаа булцуугаар нь суулгаж үржүүлж болдог.

Гэрэл: Хагас сүүдэрлэг орчинд сайн ургадаг. Өглөөний мандах нар болон үдээс хойш нарны илч буурсны дараа нарны шууд тусгалд тавьж болно. Нарны хурц гэрэлд удаан байлгавал навч борлож түлэгдэн гоёмсог өнгөө алдана. Навч хэт сунаж ургах, эсвэл хэт жижиг гарах нь гэрэл дутах, хэт хүйтэн усаар услах, тасалгааны агаар хэт халуун байх зэргээс шалтгаалдаг.

Хөрс: Судалтодыг тарихдаа хоёр хувь навчит хөрс, нэг хувь хүлэрт хөрс, нэг хувь хар шороон хөрс, нэг хувь элс байхаар бодож хөрсийг боловсруулна. Савны ёроолд хоёр см дренаж дэвсэж өгнө.

Хөрс судлаач Ө.Байгалмаа

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.