Аймгийн ЗДТГ, ХАҮТ-аас “Өвөрхангайн түншлэл – 2020” намрын баярын үзэсгэлэн худалдааг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 17 аймгийн 160 гаруй бизнес эрхлэгчид оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан борлуулсан юм. Аймгийн ИТХ-аас 2020 оныг “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жил болгон зарласантай холбогдуулж, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн, сав, баглаа боодол сайжирч, чанаржиж байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Энэ дагуу үзэсгэлэн, худалдаанд тавигдсан бараа бүтээгдэхүүнийг ихэвчлэн Өвөрхангай аймагт үйлдвэрлэсэн байх бөгөөд ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүний нэр төрөл олширсон байв.
Тухайлбал, төрөл бүрийн жимсний чанамлууд, ургамлаар нь хатаасан цайнууд, тарвас, монгол сортын улаан сонгино, саримс, чинжүү, бусад нарийн ногоог иргэд өөрсдөө тарьж, үйлдвэрлэн авчирчээ. Намрын баярын шилдгүүдийг уламжлал ёсоор шалгаруулсан бөгөөд энэ удаагийн шагналын төрөл урд жилүүдээс өвөрмөц байлаа.
“Шилдэг хоршоо”-гоор Арвайхээр сумын “Бүтээлч дэвшил” хоршоо, “Газар тариалангийн шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Хархорин сумын “Баяншанх” бүл, “Малын тэжээлийн шилдэг технологи нэвтрүүлэгч”-ээр Баян-Өндөр сумын малчин Д.Гүндэгмаа, “Идэвхтэй оролцогч хамт олон”-оор Арвайхээр сумын “Арвиндөлгөөн” хоршоо, “Газар тариалангийн шилдэг технологи нэвтрүүлэгч”-ээр Арвайхээр сумын “Бизнесийн шинэ санаа нэвтрүүлэх төв”-ийн дэргэдэх загвар аж ахуйн хамт олон тус тус шалгарсан байна.
Мөн энэ үеэр үйлчлүүлэгчдийн дунд айраг уух, дэмбээдэх тэмцээнийг явуулж, шалгарсан хүмүүсийг шагнан урамшуулжээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.