Орхон аймагт улсын төсвийн хөрөнгөөр “Залуучуудын хөгжлийн ордон” барина. Үүнийг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт барих бөгөөд залуучуудын хөгжил, сургалтын үйл ажиллагааг дэмжих, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалтын бааз болгон ашиглах юм.
Орхон аймаг 120 гаруй мянган хүн амтай. Үүний 70 гаруй хувь нь залуучууд. Иймд залуучуудад чиглэсэн олон талт үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгэм дэх оролцоог хангах чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Тухайлбал, аймгийн ГБХЗХГ өнгөрсөн онд залуучуудад чиглэсэн 56 хөтөлбөр хэрэгжүүлж 13 мянган залууг хамруулсан аж. Мөн “Залуучуудын чуулган”-ыг анх удаа зохион байгуулж залуучуудад тулгамдаж буй хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудлын талаар ярилцжээ.
Чуулганаас гарсан санаачилга, зөвлөмжийн дагуу энэ онд Японы зөвлөх багшийг ажиллуулж нэг сарын хугацаанд 1000 залуу багш, оюутнуудад хичээл заалгаж, таван залууг гадаадад оюутан солилцоо хөтөлбөрт хамруулж, 12 залууг ажлын байранд зуучилсан байна.
Мөн 24 баг тус бүрт “Залуучуудын салбар зөвлөл”-ийг байгуулж үйл ажиллагааг нь идэвхижүүлж байна гэж аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Э.Бямбасүрэн хэллээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.