ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЦУЦАЛЛАА
Өнгөрөгч өвөл хэд хэдэн орон нутагт малын халдварт өвчин гарсан. Өдгөө ч зарим аймагт хорио цээр тогтоосон байдалтай байна. Харин өчигдөр Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж Жаргалант суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэр гаргалаа. Тодруулбал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч тус суманд тогтоосон хорио цээрийг дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Жаргалант сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 15-аас 30 хоногийн хугацаанд хорио цээрийг дэглэм тогтоосон. Энэ хугацаанд буюу өвчний халдвар авсан сүүлийн үхэр устсанаас 21, вакцинжуулалт хийснээс хойш 14 хоногийн хугацаанд голомтын бүсэд өвчний халдвар илрээгүй тул дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр үхэр нь шүлхийгээр өвчилсөн 5 өрхийн хүрээнд өнөөдрөөс 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Мөн шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотойгоор устгалд орсон 49 үхрийн эздэд нийтдээ 41.3 сая төгрөгийн нөхөн олговор олгох хүсэлтийг аймгийн МХГ-аас холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
[powr-comments id=86ad5453_1485400055]