
Увс аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад хамрагдаж буй залууст зориулан “Эх орондоо өргөсөн тангараг” сэдэвт нөлөөллийн ажлыг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр иргэний цэргийн үүрэг, цэргийн албаны онцлог, ач холбогдлыг таниулж, хугацаат цэргийн алба хаах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор илтгэл тавьжээ.
Мөн цэргийн алба нь залуусыг эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгохын зэрэгцээ бие бялдар, оюун санааг хөгжүүлж, хариуцлагатай байх, хамт олноо хүндэтгэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэгтэйг онцолсон байна. Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчдыг гагнуурчин, токарьчин, хүнд машин механизмын оператор зэрэг эрэлт хэрэгцээтэй 20 гаруй мэргэжлээр сургаж, хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадвар эзэмшүүлдэг талаар мэдээлэл өгчээ.
Уг үйл ажиллагаа Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрт болсон бөгөөд цэрэг татлагад хамрагдаж буй залуус, тэдний найз нөхөд, эцэг эх, ах дүүс зэрэг 100 гаруй хүн оролцжээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.