УВС: Баяр наадмын өдрүүдэд хоол боловсруулах замын өвчлөл ихэсжээ

Өчигдөр Увс


Баяр наадмын амралтын өдрүүдэд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг ачаалалтай ажиллаж, нийт 550 гаруй иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Үүнээс 150 гаруй иргэнд яаралтай тусламжийн дуудлагаар гэрт нь очиж үйлчилсэн бол 400 гаруй иргэнийг хүлээн авах тасгаар дамжуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Нийт өвчлөлийн 45-50 хувийг хоол боловсруулах замын эмгэг, 30 хувийг ахуйн осол гэмтэл эзэлсэн бол үлдсэн хувийг зүрх судасны болон бусад өвчлөл эзэлж байна. Өмнөх саруудад яаралтай дуудлагын голлох шалтгаан нь зүрх судасны өвчлөл байсан бол энэ удаа хоол боловсруулах замын эмгэг эрс нэмэгдсэн байв.

Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой дуудлага ирээгүй нь эерэг үзүүлэлт болсон. Гэвч Увс, Хяргас нуурт 4 иргэн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Эмнэлгийн мэргэжилтнүүд баяр ёслол, амралтын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарахыг иргэдэд онцгойлон зөвлөж байна.

Халуун цаг агаарт хоол хурдан муудах тул гудамжны болон нээлттэй хоол хүнс хэрэглэхдээ болгоомжтой байх, цэвэр ус уух, гараа тогтмол угаах нь хоол боловсруулах замын эмгэгээс урьдчилан сэргийлж чадна. Мөн нуур, голд усанд орох, завиар аялах үед аюулгүй байдлын дүрмийг чанд сахиж, хүүхэд болон усанд сайн сэлж чаддаггүй иргэд усны эрэг орчимд онцгой анхаарал тавихыг сануулж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.