ТӨВ: Зүрхний өвчлөлийн дунд цочмог шигдээс түгээмэл тохиолдож байна

11 цагийн өмнө Төв

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын аян болон Дэлхийн зүрхний өдрийг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод сумын байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө өгч байна.

Сургалтаар “Зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?”, “Хавдрын өвчний өнөөгийн байдал, хими эмчилгээний тухай ойлголт” сэдвээр мэдээлэл өгч, ажилтан, албан хаагчдын артерийн даралт, биеийн жингийн индексийг тодорхойлон зөвлөгөө өгчээ.

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүрхний эмч А.Болорцэцэг, Зүрх судасны тогтолцооны өвчин нь Төв аймаг төдийгүй улсын хэмжээнд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Монгол Улсад жил бүр дунджаар 5500-6000 хүн зүрх судасны өвчний улмаас нас бардаг. Төв аймгийн хэмжээнд артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчин түгээмэл тохиолдож байна.

Артерийн даралт ихсэх өвчин нь ихэвчлэн шинж тэмдэггүй, далд явцтай байдаг тул иргэд өвчин хүндэрсэн үедээ, тухайлбал зүрхний шигдээс, тархины харвалт үүссэн хойно эмнэлгийн байгууллагад хандах тохиолдол их байна. Мөн зүрхний эмгэгийн дунд зүрхний цочмог шигдээс зонхилж байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс, хэм алдагдах эмгэгээр өвчлөгсдийн дунд 50-иас доош насныхан, тэр дундаа эрэгтэйчүүд залуу насандаа өвчлөх эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Өвчлөлийг эрт илрүүлж, хүндрэлээс сэргийлэх зорилгоор Төв аймгийн Эрүүл мэндийн газар болон сумдын эрүүл мэндийн төвөөс халдварт бус өвчний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж байна. Мөн Люксембургийн Их Гүнт Улсын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд Зүрх судасны үндэсний төвийн чадавхыг бэхжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг чадавхжуулах, алсын зайн оношилгоог хөгжүүлэх ажил хийж байгааг онцоллоо..

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.