Батцэнгэл сумын Засаг даргын нэрэмжит саальчин бүсгүйчүүдийн хөдөлмөр бүтээлийн уралдаан, “Саальчдын баяр”-ыг энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулжээ.
Энэ нь малчин бүсгүйчүүдийн мал маллах, сүү, цагаан идээ боловсруулах уламжлалт арга барилыг сурталчлан таниулах, харилцан туршлага солилцуулах, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлэх, урамшуулах, олон нийтийн хүртээл болгох, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэх, сумын шилдэг малчдын амжилтыг алдаршуулах зорилготой юм.
Тус уралдаанд жилийн дөрвөн улирлын турш хөдөө мал маллан амьдардаг 400 орчим залуу малчид “Шилдэг саальчин”, “Хамгийн сүүтэй монгол үнээ”, “Хамгийн сүүтэй эрлийз үнээ”, “Хамгийн сүүтэй гүү”, “Хамгийн сэтгэлд нийцтэй айраг”, “Хамгийн сайхан ааруул”, “Ээдэм унагаах”, “Хамгийн амтлаг ээзгий” шалгаруулах уралдаан, Үндэсний сурын харваа, “Хос морьтон” шалгаруулах уралдаан, Цолгүй залуу бөхчүүдийн тойргийн барилдаан, “Дэмбээ”, “Эрэмгий адуучин” тэмцээн, багуудын урлагийн тоглолт, авъяаслаг Батцэнгэлчүүд урлагийн тоглолт зэрэг нийт 20 орчим төрлөөр авьяас билэг, ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Б.Бямбадорж даргатай Баян-Уул баг, дэд байрт Д.Төгс даргатай Дэл баг, гутгаар байрт С.Нэргүй даргатай Улаанчулуу баг тус тус шалгарч цом мөнгөн шагналын эзэд болсон бол удаах байруудыг Х.Даваадорж даргатай Цац баг, Х.Амарсайхан даргатай Дайр бор баг, Ж.Мэндбат даргатай Хөнөг баг тус тус эзэлсэн байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.