Орчны бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарлаа

 

Баянхонгор сумын ЗДТГ-аас хөрс, усны бохирдлыг бууруулах ажлын хэсэг гарч, гэр хороололд оршин сууж буй айл өрхийн жорлон, муу усны нүх, төвлөрсөн худалдааны төвүүдийн эзэмшлийн талбайг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Гэр хорооллын жорлон, муу усны нүхний бохирдол нь хааш хаашаа зургаан метр хүртэлх радиуст тархдаг ба энэ нь хүүхдийн тоглох талбай, хашааны худаг зэрэгт их хэмжээний бохирдол үүсгэж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Дулааны улиралд хөрсний бохирдол агаарт дэгдэж, түүгээр амьсгалснаар хүн амын дунд зүрх судасны өвчний суурь тавигддаг төдийгүй дулааны улиралд ялаа, шумуул элбэгших үеэр 120 мянган нянг тээж, төрөл бүрийн гэдэс дотрын халдварт өвчнүүдийг үүсгэдэг аж.

Тиймээс хөрс, усны бохирдлыг бууруулах ажилд иргэн, өрх айл бүр өөрсдөө идэвх санаачилгатай байж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг бохирдол үүсгэдэг обьектод хэрэглэх зайлшгүй шаардлага тулгардаг. Иргэд, өрх, албан байгууллагууд дурын газраас ариутгалын бодисыг худалдан авч хэрэглэдэг ч ихэвчлэн бодис худалдаалах тусгай зөвшөөрөлгүй газраас чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авч хэрэглэдэг байна.

Сумын ЗДТГ-аас нийт ард иргэдийг ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд идэвхтэй оролцож, орчны бохирдлоосоо салахыг уриаллаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.