Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд дөрөвдүгээр сарын 11-нд коронаюирусийн халдвар авсан найман тохиолдол батлагдаж, тэдгээрийн ойрын хавьтал болох 32 хүнээс авсан PCR шинжилгээгээр нэмж нэг хүн халдвар авсан болох нь тогтоогдлоо.
Ингэснээр тус аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол ес болж, бүгд Эрдэнэдалай суманд гарчээ.
Эдгээр иргэдийг сумын Эрүүл мэндийн төвд эмчилж байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүндэвтэр, найман хүний биеийн байдал хөнгөн байгааг ЭМГ-аас танилцууллаа.
Батлагдсан есөн тохиолдлын ойрын хавьтал болох 124 хүнээс PCR шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн ба тэдгээрээс түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан 7 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан байна.
Ойрын хавьтал болох бусад иргэнийг гэрийн ажиглалтад тусгаарлажээ. Өвчний тархалтыг бууруулах, тархалтыг таслан зогсоохын тулд ямар ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгс дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Халдварын эх үүсвэрийг тогтоож, цомхотгон барих арга хэмжээг авч, өвчний голомтыг тогтоох тандалт, судалгааг хийж байна. Халдвар авсан иргэд бүгд орон нутагтаа байж, ажлаа хийж явсан бөгөөд халдвар тус сумын таван гэр бүлийн хүрээнд илэрч байна.
Өндөршил суманд нэг хүн Улаанбаатараас ирж хэд хоноод дараа нь Эрдэнэдалай суманд очсон байх үед нь халдвар илэрсэн хэдий ч энэ хүний ойрын хавьтлуудаас вирус илрээгүй. Тиймээс суманд голомт байсан байх гэсэн таамаглалтай байгаа.
Эрдэнэдалай суманд халдварын голомтод ажиллахаар аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмнэлзүйн хоёр баг гарч, суманд ажиллаж байгаа. Бид ХӨСҮТ-ийн эмч нартай байнгын холбоотой, зөвлөгөө аван ажиллаж байна” гэлээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.