Орхон аймгийн Баян-Өндөр сумын Газрын албанаас “Газар олголтыг уламжлалт болон цахимын аль хэлбэрээр явуулах нь зүйтэй вэ?” гэсэн асуудлын хүрээнд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2 өдрийн хэлэлцүүлэгт нийтдээ 116 иргэн оролцож уламжлалтаар явуулах нь зүйтэй гэдэг дээр олонхи нь санал гаргажээ.
Уламжлалт аргаар газар олгох нь оочер дарааллын дагуу буюу жилд 300 хүртэлх иргэнд газар олгоно гэсэн үг юм. Энэ хэлбэрээр газар олгох нь өмнөх оны өргөдлүүд шийдвэрлэгдэх боломжтойгоос гадна хамаатан садан, ах дүү, гэр бүлээрээ нэг дор өргөдлөө өгсөн бол нэг гудамж хашаа болгоод газраа авах боломжтой юм. Сул тал нь цаг хугацааны хувьд удааширалтай, иргэдийн дунд хүлээгдэл маш их үүснэ.
Цахим газар олголт нь Улаанбаатар хотын хэмжээнд туршигдсан сугалааны аргаар явагдах учраас иргэдийн өргөдлийн дэс дараалал харгалзахгүй санамсаргүй байдлаар иргэд газартай болно. Сул тал нь өргөдлийн дэс дараалал алдагдах учраас иргэд хэдий хугацааны дараа газартай болохоо тодорхойлох боломжгүй юм.Эдгээр сул болон давуу талуудыг иргэд тооцолон үзэж уламжлалт аргаар газар олголтоо явуулах нь зүйтэй гэдэг дээр олонхи нь санал нэгдлээ.
Үүний хажуугаар нэмж мэдээллэхэд Орхон аймгийн зүгээс зэргэлдээ аймаг, сумдуудтай хамтран ажиллах ажиллагааны хүрээнд “Дундын суурьшлын бүс” байгуулах асуудлыг ярилцаж байна. Энэ нь Орхон аймгаас цахилгаан хангамж, усны эх үүсвэр, нийтийн тээвэр явах боломжтой зэрэг шалтгаан нөхцлийг харгалзан үзэж Булган аймгийн Орхон сум, Сэлэнгэ сум, Хангал сумын орчимд газар хүссэн хүсэлтийг тавьж 4 жилийн турш нааштай хариу хүлээж байна.
Цаашлаад Орхон аймаг хотын статустай болж өөрчлөгдөх юм бол газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж Баян-Өндөр сумын Засаг дарга хэллээ.
Одоогийн байдлаар Баян-Өндөр сумын Газрын албанд нийт 19770 өргөдөл шийдвэрлэгдээгүй жагсаалтанд байна. Эдгээр өргөдлийн давхцлыг арилгахад 15,000 орчим иргэний газар хүссэн өргөдөл хүлээгдэж байгаа юм. Энэ жилийн тухайд 2012 оны 700-1000 дахь өргөдлийг буюу 300 байршилд газар олгохоор төлөвлөгөөнд тусгагдсан байна.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN