ЗАВХАН: Цэрэг Онолтын мөнгөн тоногтой цахиур буу музейн ховор үзмэр болж байна

Өчигдөр Завхан

 

Завхан аймгийн музейн сан хөмрөгт XVI-XIX зууны үед амьдарч байсан иргэдийн ахуй амьдралдаа хэрэглэж байсан түүхэн эд өлгийн зүйлс арвин хадгалагддаг.

Тэдгээрийн нэг нь цэрэг Онолтын хэрэглэж байсан мөнгөн тоногтой цахиур буу юм. Энэхүү буу нь Завхан аймгийн музейн угсаатны зүйн танхимын голлох үзмэрүүдийн нэг бөгөөд Цагаанхайрхан сумын уугуул цэрэг Онолтын цахиур буу хэмээн тайлбарлан дэглэжээ.

Буу нь тулгуур хөл бүхий иж бүрэн хэрэгсэлтэй, их биеийг мөнгөөр чимэглэсэн бөгөөд мөрний хэсэгт нь хуучин монгол бичгээр “Мэргэн Онолт” хэмээн сийлсэн байна. Мөн дарь хийх ширэн уут болон бусад дагалдах хэрэгслийг сураар холбон урласан нь тухайн үеийн ур хийц, дархчуудын ур чадварыг илтгэн харуулна. Судлаачдын үзэж буйгаар, цахиур бууг монгол дархчууд өөрсдөө урлан хийдэг байсан бөгөөд XVI зуунаас XX зууны 1950-иад он хүртэл өргөн хэрэглэж, ихэвчлэн язгууртан зэрэг зиндааны хүмүүс ашигладаг байжээ.

Үзмэрийн хамт дэлгэсэн дагалдах хэрэгслийг “хот цэнэг” хэмээн нэрлэдэг бөгөөд үүнд дарийн сав, хэмжүүр, тосны сав, сумны сав зэрэг багтдаг байна. Эдгээр нь тухайн үеийн түүх, соёл, ахуй амьдралыг бодитоор харуулахын зэрэгцээ хүүхэд, залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтойг Завхан аймгийн музейн тайлбарлагч О.Оюунцэцэг онцоллоо.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.