Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын ээлжит хурлаар гэрийн тусгаарлалтын хугацааг 14 хоног хэвээр нь үлдээхээр шийдвэрлэсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
-“Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн тусгаарлалтын 21 хоногийг 14, гэрийн тусгаарлалтын 14 хоногийг долоо хоног болгосон. Иймд Завхан аймгийн хувьд гэрийн тусгаарлалтын хугацааг 14 хоног хэвээр нь үлдээхээр шийдвэрлэлээ. Энэ шийдвэр бол иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн шийдвэр юм. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах талаар Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн тодорхой мэдээлэл хийлээ. Үүний дараа Онцгой комиссын гишүүдийн саналаар, эхний ээлжид гэрийн тусгаарлалтын хугацаа дууссан иргэн бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг зохион байгуулахаар болов. Өнөөдрийн байдлаар манай аймагт оношлуур дутагдалтай, эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд олон байгаа. Гэсэн хэдий ч эхний ээлжид хугацаа нь дуусаж буй иргэдээс түргэвчилсэн оношлуураар аймгийн Халдвартын тасагт өнөөдрөөс шинжилгээ авч эхэлсэн” гэв.
Эрчим хүчний хэрэглээ хэт өсвөл хэд хэдэн эрсдэл үүсэх магадлалтай
Аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар коронавирусний халдвар, цар тахалтай холбоотой гарсан шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцууллаа.
-“Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас нийт 131 удаагийн шийдвэр гарч 90.8 хувьтай хэрэгжсэн байна. Засгийн газрын 33 заалт бүхий шийдвэр 81.7 хувь, Улсын онцгой комиссын 43 заалт бүхий шийдвэр 88.8 хувь, аймгийн Онцгой комисс, шуурхай штабын захирамж, шийдвэрүүд бүрэн хэрэгжсэн гэж дүгнэжээ. Мөн хурлаар аймгийн эрчим хүчний хэрэглээ, нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн дарга Г.Бадамхатан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ: -“Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу цахилгаан эрчим хүчний төлбөрийг тэглэх болсонтой холбоотойгоор манай аймагт 12 сарын 13-ны өдрөөс ачаалал нэмэгдэж, хүндрэлүүд бий болсон. Тухайлбал, Улиастай сумын бааз, ногоон хашааны чиглэлийн шугамд хэт ачаалал үүссэний улмаас эрчим хүчний тоноглол автоматаар салсан. Инженерүүд шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд хэвийн горимд оруулаад байна.
Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний ачаалал 20 хувь нэмэгдсэн бол Завхан аймгийн хэмжээнд найман хувиар нэмэгдсэн. Хэвийн үед зарцуулж байсан эрчим хүчний хэрэглээ нэг мВт-аар өссөн, оргил ачааллынхаа үед 14 мВт хүрэх төлөвтэй байна. Завхан аймгийн хувьд 800 км-ийн зайнаас төвийн эрчим хүчнээс хүчдэл авдаг, хамгийн алслагдмал, захын систем юм. Шугамын дамжуулах чадал бага. Цаашид хэрэглэгчдийн хэрэглээ хэт нэмэгдвэл шугам тоноглол даахгүй байх, улмаар эвдрэл гэмтэл гарах магадлал өндөр. Иймд Диспетчерийн үндэсний төв болон систем компанийн ерөнхий инженерээс өгсөн үүргийн дагуу тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлнэ. Өчигдөр буюу 12 сарын 14-ний өдөр оргил ачааллын үед өндөр ачаалал бүхий чиглэлүүдэд цахилгааны хязгаарлалт хийсэн. Диспетчерийн үндэсний төвөөс дорнод бүс болон Алтай-Улиастай систем эх үүсвэрийн дутагдалд орсон тохиолдолд хамгийн түрүүнд хязгаарлах төлөвлөгөөнд Говь-Алтай, Завхан аймгуудын эрчим хүчний систем орсон байгаа. Халаалтын зуухнууд ажиллаж буй энэ үед аль болох тэг зогсолт хийхгүй байх бодлого барьж төлөвлөлтүүдээ хийж байна. Богдын голын нэг дизель станц бэлэн бий.
Одоогоор Диспетчерийн үндэсний төв болон Эрчим хүчний яамнаас тусгай горимд ажиллах журам боловсруулж байгаа. Энэ журмаар хүчдэлийн дутагдалд орсон тохиолдолд системүүд болон аймгуудыг хэд хэдэн цагуудад хязгаарлах тухай чиглэл ирнэ. Өчигдрийн хувьд Завхан аймгийн хэмжээнд тэг зогсолт хийхгүй, тоноглол шугам, дэд станцуудынхаа аюулгүй байдлыг хангах, тодорхой ачааллыг тэнцүүлэх зорилгоор хөдөөгийн 10 сум, Улиастай сумын зарим чиглэлийн хэрэглээг тодорхой хугацаанд хязгаарласан. Дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Хэрэглэгчдийн шийдүүдэд тодорхой даацын автоматуудыг байрлуулахаар төлөвлөж байна. Цаашид ийм байдлаар эрчим хүчний хэрэглээ хэт өсвөл хэд хэдэн эрсдэл үүсэх магадлалтай. Тухайн өрхийн цахилгааны утас даахгүйн улмаас гал түймрийн аюул гарах магадлалтай, цаашлаад аймгийн хэмжээнд дэд станцуудад гэмтэл гарах эрсдэлтэй. Иймд энэхүү эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд илүү хэрэглээгээ хэмнэж хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ. Харин аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал эхний ээлжид аймгийн хэмжээний эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн судалгааг гаргаж, цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөг танилцуулах. Хоёрдугаарт цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг хэзээ, хэрхэн хийх талаар тодорхой хуваарь гаргаж олон нийтэд мэдээлэх. Гуравдугаарт иргэдэд эрчим хүчний зөв зохистой хэрэглээний талаарх мэдээллийг өгч ажиллахыг хүслээ гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.