Д.ТАМИР: Бид 2020 оныхоо хөрөнгө оруулалтын ажлын 60 хувийг гүйцэтгээд байна

2020-02-4 Орхон

 Энэ онд хийгдэх ажлынх нь талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Зураг төслийн хүрээлэнгийн захирал Инженерийн зураг төслийн хүрээлэнгийн захирал Д.Тамираас тодрууллаа.

 -Танай хүрээлэн 2019 онд хэчнээн хэмжээний ажил хийв. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн онд бид 1090 зураг төсөл боловсруулах ажлын даалгавар хүлээн авсан. Үүний 490 нь 2020 онд хийгдэх ажлын зураг төсөл. 2019 оныхоо хөрөнгө оруулалтын ажлыг эхний хоёр улиралд дуусган хүлээлгэж өгсөн. Бүтцийн өөрчлөлтөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноор зураг төсөл боловсруулах ажил түрүүлж явах шаардлага гарсан. Энэ чиглэлийн дагуу бид өнгөрсөн оны ажлаа эрт дуусгаж 2020 оны зураг төсөл боловсруулах ажилдаа орсон. Бид энэ оны хөрөнгө оруулалтын ажлын 60 хувийг гүйцэтгэсэн. Урсгал засварын ажлыг ондоо багтаан хийхээр төлөвлөөд байна.

     -Эдийн засгийн хувьд ямар үр ашигтай ажил хийгээд байна вэ?

-Барилга байгууламж,хяналт төлөвлөлтийн хэлтсээс манай хүрээлэнд зураг төсөл боловс-руулах даалгавраар захиалга ирүүлдэг. Тухайн ажлын зураг төсөл хэдий хэмжээний өртөг, зардалтай гарах нь бидний гаргасан тооцоогоор явна. Харин Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтэс дээр тодорхой өртөг зардал, эдийн засагтай холбоотой мөнгөн дүнг үйлдвэрийн газрын төлөвлөгөөнд батлуулан ажиллаж байгаа.

    -Танай хүрээлэнд зураг төсөл хийдэг хэдэн хүн байна. Мэргэжил боловсролын хувьд хэр өөрчлөлт хийгдэж байна вэ?

-Манай хүрээлэн бүтэц орон тооны хувьд 56 хүнтэй. Үүний 47 нь инженер техникийн  ажилчид. Манайх зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл авч ажилладаг. Тусгай зөвшөөрлийн хүрээнд тавигдах шаардлагын дагуу мэргэшсэн инженер 15, зөвлөх найман инженер байх ёстой. Одоогоор 30 гаруй мэргэшсэн инженер ажиллаж байна.

    -Танай бүтэц өөрчлөгдөж үйл ажиллагааны хувьд өргөжиж байгаа гэж сонслоо. 2020 онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Манай инженерийн зураг төслийн төв Зураг төслийн хүрээлэн болон өргөжиж байгаа. Ингэснээр бүтэц орон тоонд өөрчлөлт гарахгүй. Хэтийн зорилгоо тодорхойлсон. Цаашид ямар үйл ажиллагаа явуулах талаар төлөвлөсөн ажлууд бий. 2020 оны хоёрдугаар сарын нэгний дотор энэ оны хөрөнгө оруулалтын ажлыг 100 хувь дуусгах үүрэгтэй. Гэвч биднээс шалтгаалахгүй Баяжуулах үйлдвэрийн бутлуур, тээрмүүдийн худалдан авалт хийгдээгүй, шинээр суурилагдах тоног төхөөрөмжүүд тодорхой болоогүй, техникийн паспортууд нь манайд ирээгүй учраас энэ ажлууд хойшилж болзошгүй байна.

    -Энэ онд томоохон ямар ажлууд хийх вэ?

-Өнгөрсөн онд Ган бөөрөнцгийн цехийн индукцын хос шугам болон Баяжуулах үйлдвэрийн молибдены баяжмалын шинэ шугам, бутлуур, тээрмүүдийн зураг төслийн ажлыг голлон гүйцэтгэсэн. 2020 онд Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн нэг, дөрөв, тавдугаар насосыг шинэчлэх, шилжүүлэн суурилуулах ажил хийгдэнэ. Бутлан тээвэрлэх хэсэгт тээрмүүд болон бутлууруудыг шинэчлэх ажил, Спорт цогцолборын усан бассейны иж бүрэн засварыг олон улсын стандартад нийцүүлэн хийх юм. Ил уурхайн галын насосны станцуудын шахах системийг бүрэн шинэчлэх ажил хийнэ. Засвар механикийн заводын Цутгуурын цехийн технологийн шинэчлэлийн ажил үргэлжилнэ. үйлдвэрийн бүсийг тойрсон Гэрээт цагдаагийн газрын 13 харуулын постыг стандартад нийцүүлж шинэчлэх ажил гэх мэт бүтээн байгуулалтын их хугацаа, хөдөлмөр шаардсан ажлууд хийхээр төлөвлөөд байна.

 

Т.Батчулуун

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.