Боловсролын салбарын хөрөнгө оруулалт гэдэг бол хүн бүрт хүртээж буй “Хөгжил” гэж хэлж болно. Ялангуяа сургууль, цэцэрлэгт хийж буй оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалт нь хүүхдийг зөв төлөвшилтэй, цэгцтэй мэдлэгтэй, техник сэтгэлгээтэй болгох суурь нь болж өгдөг. Эцэст нь монголын нийгэмд бүтээлч, үйлдвэрлэгч иргэд нэмэгдэнэ гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн боловсролын салбарт нэгэн томоохон хөрөнгө оруулалт хийгдлээ.
БСШУСЯ-аас Орхон аймгийн 3 сургуульд 450 мянган ам.доллар, 12 сургуульд 94 сая 859 мянга, 13 сургуульд 87 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Тухайлбал, “Ухаалаг боловсрол төсөл”-ийн хүрээнд Наран, Баян-Өндөр, Орхон, Лаборатори VIII сургуульд тус бүр 112.4 мянган ам.долларын төсөл хэрэгжихээр болж сургуулийн удирдлагууд нь “Батламж” –аа гардан авлаа. Өнгөрсөн намар БСШУСЯ-ны сайд Орхон аймагт ирэхдээ 2 сургуулийг “Ухаалаг боловсрол төсөл”-д хамруулахаар болсон бол аймгийн Засаг дарга Д.Батлут нэмж хоёр сургуулийг санал болгосноор ийнхүү 4 сургууль тус бүр 112.4 мянган ам. долларын төсөлд хамрагдаж эхний 80 хувийн санхүүжилтээ авлаа. “Ухаалаг боловсрол” төсөл нь лингафоны иж бүрэн хэрэгсэл, дэвшилтэт технологийн техник хэрэгсэл байх юм.
12 СУРГУУЛЬД 94 САЯ 859 МЯНГАН ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙГДЛЭЭ
Харин “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн гурав дахь шатны хүрээнд өнөөдөр 12 сургууль тус бүр 3000 ам.долларын санхүүжилт авахаар болж “Батламж”-аа гардан авлаа. Нийт 12 сургууль 94 сая 859 мянган төгрөгийн тоног төхөөрөмжөөр 12 танхимыг иж бүрэн тохижуулахаар боллоо.
13 СУРГУУЛЬД 87 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Түүнчлэн “STEM” буюу хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой сургалтын хэрэглэгдэхүүнийг таван сургуульд өглөө. Үүнд Жаргалант сумын сургуульд 5.9 сая, XVIII сургуульд 5.4 сая, XV сургуульд 7.5 сая, II сургуульд 5.7 сая, Баян-Өндөр цогцолбор сургуульд 8.4 сая төгрөгийн төсөл хэрэгжихээр болж эхний 80 хувийн санхүүжилт хийгдээд байна.
Мөн энэ үеэр багуудын “Соёлын төв”-үүдэд тус бүр нэг сая, аймгийн “Номын төв”-д гурван сая төгрөгийн ном авах “Батламж”, аймгийн Музейд дөрвөн сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн “Батламж” гардууллаа.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХЯМД ӨРТӨГТЭЙ ОРОН СУУЦААР ХАНГАНА
Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү боловсролын салбарт баримталж буй бодлого, “Багш” дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ жил 127 сая төгрөг батлагдсан бөгөөд 40-өөс дээш насны багш нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулахад 20 сая, сургуулиудын байгалийн ухааны кабинетийг дэвшилтэд технологиор тохижуулахад 17.5 сая, багш нарын оюуны бүтээлд 10 сая, залуу багш нарын сургалтад 5 сая, багш нарт санхүүгийн дэмжлэг олгох “Нийгмийн дэмжлэгийн сан”-д 30 сая төгрөг төсөвлөгдөж зарим ажил эхнээсээ хэрэгжиж байгааг дуулгалаа. Мөн манай аймагт төрийн 500 гаруй албан хаагч өөрийн орон гэргүй гэсэн судалгаа гарчээ. Үүний дийлэнх нь багш, эмч нар байгаа гэнэ. Иймд нэг м.кв нь нэг сая төгрөгөөс бага үнэтэй орон сууцаар хангахаар зорьж байгаа гэлээ.
erdenet.mn