ДОРНОГОВЬ: Мод үржүүлгийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн таван газар ажиллаж байна

17 цагийн өмнө Дорноговь

Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн таван газар, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман иргэн үржүүлгийн нийт талбайдаа 1-3 настай 11 төрлийн 308,142 ширхэг тарьц суулгацыг үржүүлж байна. Эдгээр газрын үйл ажиллагааг товчхон дурдая.

Байгаль орчны газрын мод үржүүлгийн газар

Аймгийн Байгаль орчны газар өөрийн эзэмшлийн мод үржүүлгийн газартаа дөрвөн жилийн өмнөөс тарьц суулгаж эхэлсэн бөгөөд жилдээ 10 төрлийн 1-3 настай 20-30 мянган модыг тарьж ургуулж байгаа юм. Энд хайлаас, жигд, сухай, улиас, чацаргана, буйлс, гүйлс зэрэг говьд ургах боломжтой суулгацыг говийн хөрсөнд тарьснаар нийтийн эзэмшлийн зам талбайг ойжуулах, сумдын ойн зурваст салхины хаалт хэлбэрээр модлог ургамлыг тарихад томоохон материаллаг бааз болох аж. Цаашид Сум дундын Ойн ангийг үүсэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Зүүнбаян” агро парк

Сайншанд сумаас урагш 20 гаруй км-т байрладаг “Зүүнбаян” агро парк сүүлийн дөрвөн жилийн турш 30 га талбайд мод үржүүлэг, тарьц суулгацын ажлыг тогтмол хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говь болон говь-хээрийн бүсийн цөлжилтийг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор Батлан хамгаалах яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Зүүнбаян” агро паркийг байгуулжээ. Тус агро паркт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагчид ажиллаж буй.

Агро парк нь бүс нутгийн уур амьсгал, хөрсний онцлогт нийцүүлэн мод, сөөгийн суулгац ургуулах зориулалттай бүрэн автомат усалгааны системийг суурилуулсан аж. Ингэснээр говь, хээрийн бүсэд ургах чадвартай мод, сөөгийн үр, мөчрөөр тарьц суулгацын нөөц бүрдүүлж, цаашид хээрийн ойжуулалт болон хамгаалалтын зурвас байгуулах боломж бүрдэж байгаа юм. Одоогоор тус агро паркт суулгацын нөөц бүрдүүлэх, тарьц ургуулах ажлууд үргэлжилж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа юм.

Замын-Үүд сумын Мод үржүүлгийн газар

Замын-Үүд сумын мод үржүүлгийн газар нь цөлжилт, шороон шуургатай тэмцэх болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгуулагдсан ногоон байгууламж, тариц суулгац бэлтгэх зорилготой байгууллага юм. Энэхүү газарт орон нутгийн болон чөлөөт бүсийн хамт олон мод тарих, ногоон зурвас байгуулах ажлыг тогтмол өрнүүлдэг байна. Хайлаас, жигд, буйлс зэрэг говийн хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй мод, бут сөөгийг голчлон тариалж салхи, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас байгуулах, авто зам болон суурьшлын бүсийн ногоон байгууламжийг өргөжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

“Мөрөөдлийн говь” ХХК-ийн мод үржүүлгийн газар

Харин говь нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөрөөдлийн говь” ХХК 2021 оноос Сайншанд сумын VII баг, найрамдалд хүнсний ногоо, мод үржүүлгийн ажлыг хийж 30 га талбайд 54 мянган модыг тарьж, зургаан тоннын нөөцтэй усан сан бүхий усалгааны системийг байгуулаад байна.

Сайншанд суманд үйл ажиллагааг явуулдаг хувийн хэвшлийн “Энержи фарагон” ХХК ойн зурвас, мод үржүүлгийн талбай байгуулж нийтийн эзэмшлийн талбайг ногооруулахад хувийн хэвшлийн зүгээс тарьц нийлүүлэн дэмжлэг үзүүлдэг компаниудын нэг юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.