Баянхонгор аймгийн хэмжээнд 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлажээ. Энэхүү жилийн хүрээнд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр санаачлан Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албатай хамтран “Бүтээлч Баянхонгор” гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдаан зарлажээ.
Баянхонгор аймаг түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт нутгуудаараа жуулчдыг татах бүрэн боломжтой. Тухайлбал, дэлхийд анх хүн үүссэнийг нотлох Цагаан агуй, эртний хүмүүсийн бичиж үлдээсэн хадны сүг зураг бүхий байгалийн галерей Бичигт хад, Цагаан булагийн хадны зургууд, анагаах эдгээх чадвараараа хосгүй, 96 хэмийн халуун Шаргалжуутын рашаан, одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс бүхий Бүгийн цав, Ногоон цав, дэлхийд анх шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө дурсгал, дэлхийд 20-иодхон байдаг мазаалай баавгай гэх мэт жуулчдын сонирхлыг татсан олон олон гайхамшигуудтай.
Харин эдгээр аялал жуулчлалын нөөц газруудыг үзэж сонирхсон жуулчдад зориулсан түүх, соёл, орон нутгийн онцлог, өвөрмөц байдлыг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хомс байдаг байна. Тиймээс орон нутгийн онцлогтой,төрөл бүрийн материал ашиглахын зэрэгцээ донж маягийг нь тааруулан урласан, дэлхийн зах зээлд бүтээн борлуулж болохуйц брэнд бүтээгдэхүүнийг бий болгохыг эрмэлзэж энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа юм байна.
Орон нутгийн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломжоор хангах, бодлогоор дэмжих зорилготой энэ уралдаанд алт, мөнгө, зэс, гууль болон бусад төмөр материалаар дангаар нь эсвэл бусад материалтай хослуулан бүтээсэн бүтээгдэхүүн, арьсан эсвэл эсгий, ноос, ноолуур эдлэл, дан арьс, эсгийн болон бусад материалтай хослуулан бүтээсэн бүтээгдэхүүн, модон эсвэл чулуун эдлэл, дан мод, чулуу болон бусад материалтай хослуулан бүтээсэн бүтээгдэхүүнээр оролцох боломжтой.
Уралдаанд оролцох бүтээлүүдийг энэ сарын 30-ны дотор хүлээн авч ирэх зургадугаар сарын 05-ны дотор шалгаруулан дүнг зарлах ажээ. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаа, зах зээлд бодит үйлдвэрлэгдэх боломж, түгээмэл хэрэглэгдэх байдал, эцсийн бүтээгдэхүүний борлуулагдах байдал зэргийг харгалзан үзэж шалгаруулах юм байна.