Аймгийн нийт бэлчээрийн 52 хувийг усжуулсан, цаашид бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээлж байна.
Аймгийн 6108 малчин өрхийн 3,0 сая гаруй толгой мал 4934 бэлчээрийн худгаас ус ууж байгаа юм. Энэ нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 – 2500 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн аж. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байна. Аймгийн нийт бэлчээрийн 52 хувийг усжуулсан хэдий ч дээрх тоон үзүүлэлтээс харахад бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 15 сумын нутагт 30 инженерийн хийцтэй худгийг шинээр гаргах ажлыг “Голден хилл” ХХК, “Хишиг юниверс” ХХК-тай гэрээ байгуулан, одоогийн байдлаар 20 худаг шинээр гарч, ажил хэвийн үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд 30 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 45,0 мянган га бэлчээрийг шинээр усжуулж, 159 өрхийн 127,0 мянган толгой малыг найдвартай ойрхон усаар хангана. Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 30 инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлах ажлыг “Хишиг юниверс” ХХК гэрээ байгуулан, одоогийн байдлаар 20 худгийн засварын ажил хийж, ажлын явц 60 гаруй хувьтай хэвийн явж байна. Аймгийн хэмжээнд 30 худаг сэргээн засварлаж, 167 өрхийн 147,5 мян ган толгой малыг найдвартай усаар хангахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.