
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Харилцан судалж, хамтдаа хөгжье” уриан дор баруун бүсийн таван аймгийн төвийн сумдын ажилтан, албан хаагчдын сургалт, зөвлөгөөн болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр баруун бүсийн төвийн сумдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албаны чадавхыг бэхжүүлэх, мөн харилцан туршлага солилцох чиглэлээр хэлэлцүүлэг, санал солилцоо өрнүүлсэн байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Е.Зангар, Өлгий сумын ИТХ-ын дарга О.Ертай, мөн сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Болатбек нар оролцов. Мөн Улаангом, Улиастай, Есөнбулаг, Жаргалант сумын Засаг дарга нар оролцож, хөгжлийн бодлого, хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, иргэдийн оролцоо, байгаль орчны хамгаалал болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, туршлага солилцсон байна.
Хэлэлцүүлгийг Өлгий сумын ЗДТГ-ын дарга С.Жадыра чиглүүлэн явуулж, оролцогчдын санал, бодлыг нэгтгэн цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлсон байна. Тэрбээр энэхүү сургалт, зөвлөгөөн нь баруун бүсийн төвийн сумдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хөгжлийн шинэ гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой байсныг онцлон дүгнэжээ.
Энэ удаагийн сургалт, зөвлөгөөнд баруун бүсийн таван аймгийн төвийн сумдаас хүрэлцэн ирсэн 160 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо. Оролцогчид төрийн үйлчилгээний чанар, байгууллагын удирдлага, орон нутгийн хөгжил, иргэдэд чиглэсэн бодлого, шинэ санал санаачилга зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, туршлага хуваалцсан байна. Мөн сумдын сайн туршлага, шинэлэг шийдэл, бүтээлч ажлуудыг харилцан судалснаар хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдэж байгаагаараа онцлог боллоо.

“Харилцан судалж, хамтдаа хөгжье” сургалт, зөвлөгөөн нь төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна бүс нутгийн уялдаа холбоог бэхжүүлж, цаашдын хамтын хөгжлийн шинэ боломжийг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо хэмээн оролцогчид сэтгэгдлээ илэрхийлэв.
Мөн сургалт, зөвлөгөөний хүрээнд гар бөмбөг, олс таталт, дартс, ширээний теннис зэрэг төрлөөр нөхөрсөг спортын тэмцээнүүд зохион байгуулагдаж, нэгдсэн дүнгээр шилдгүүд тодорлоо. Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Завхан аймгийн Улиастай сумын баг, цомын эзэн болсон бол хоёрдугаар байрт Увс аймгийн Улаангом сумын баг, гуравдугаар байрт Өлгий сумын баг хамт олон шалгарчээ.
Энэхүү сургалт, зөвлөгөөн нь оролцогчдын хамтын ажиллагаа, нөхөрлөл, багаар ажиллах чадварыг сайжруулж, аймаг, сумдын холбоо, харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болж өндөрлөлөө.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.