Баян-Өлгий аймагт эхний ээлжид 5,461 хүн вакцинд хамрагдах ёстойгоос 3,764 нь өчигдөр дархлаажуулалтдаа хамрагджээ.
Тус аймагт дөрөвдүгээр сарын 7-ны өглөө 07:00 цагт КОВИД 19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн байна. Энэ удаа Хятад улсын Синофарм үйлдвэрийн Verocell вакцины 5,461 тун вакцин Улаанбаатар хотоос цагдаагийн хяналт дор хүргэсэн юм.
Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, Зооноз өвчин судлалын төв, онцгой, цагдаа, тагнуул, шүүх, автотээврийн төв, мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид болон сургууль, цэцэрлэг, ажилчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулж эхэлжээ. Үүний дараа шат дараатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Өлгий сумын хэмжээнд вакцинжуулалт хийх 4 цэг ажиллаж байгаа бөгөөд бүх суманд вакцин хуваарилан хүргэлт хийгдсэн байна. Төлөвлөгөөгөөр эхний 5,461 тун вакциныг 2 хоногт хийнэ.
Дараагийн ээлж буюу 2 дахь ээлжийн вакцин татан авах ажлыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулна.
Аймгийн хэмжээнд нийт насанд хүрсэн 71,800 хүн бий. Бүх иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаа аж.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.