Сэлэнгэ аймагт өнгөрсөн өдрүүдэд шинээр тохиолдол бүртгэгдээгүй байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид 108 хүнд PCR шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.
Тохиолдлын тоо нэмэгдээгүй байна гэж тайвширч, аюулт өвчин бүрмөсөн арилж алга болсон мэт бодож болохгүй гэдгийг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил санууллаа. Тиймээс сонор сэрэмжээ, өөрийгөө болон өрөөл бусдыг аюулд өртүүлэхгүй байх иргэний ухамсар, үүрэг хариуцлагаа хүн бүр тунгаан, өдөр тутамдаа дэглэм журмаа хэрэгжүүлж, дадаарай хэмээв.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт эмчлүүлж буй 21 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах PCR шинжилгээг 317 хүний сорьц авч өссөн дүнгээр 25415 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамруулжээ. Мөн коронавирусний халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээнд эрсдэлт байгууллагуудын ажил үүргээ гүйцэтгэж яваа 1748 албан хаагчийг хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд таван ажиглалт, нэг тусгаарлах байранд 67 иргэн хяналт ажиглалтад байгаа аж. Аймгийн төв Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт коронавирусний цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг чангатгах, эрчимжүүлэх ажиллагааны хүрээнд эргүүл, хяналтад 10 байгууллагын 161 албан хаагч 08:00-20:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байна. Мөн Улаанбаатар хотод эмчлүүлж эдгэрсэн Сэлэнгэ аймгийн 15 иргэн удахгүй нутагтаа ирнэ.
Мандал суманд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ авах ажил 61.2 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэв. Тус сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 цэгт түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг иргэдээс авч байгаа аж.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.