Сүхбаатар аймгийг монгол адууны өв соёлын төв нутаг болгон зарлаж, энэ хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаагийн нэг нь “Агтана хүрээт” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зургийн уралдаан юм. Гурав дахь жилдээ болж буй наадамд энэ жил 3000 орчим хүн оролцжээ.
“Агтана хүрээт” наадам хамрах цар хүрээ, оролцогчдын тоо, монгол адуу, түүнийг дагасан олон өв соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулдгаараа онцлог. “Агтана хүрээт” соёлын төслийн хүрээнд зохион байгуулдаг энэхүү хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын уралдааныг энэ сарын 7-ны өдөр амжилттай зохион байгуулсан байна.
Монгол Улсын Соёлын үнэт өв, үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл өв уламжлалаа хадгалан авч үлдэх, дэлхий дахинд сурталчлан таниулах, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих гээд олон талын чухал ач холбогдолтой. Наадам жилээс жилд өргөжин тэлж, энэ жил Монгол Улсын 21 аймаг, Сүхбаатар аймгийн 13 сумаас аварга адуучид, хүлэг эрс гээд 3000 орчим хүн оролцсон байна.
Харин цар тахалтай холбоотойгоор хилийн хорио цуцлаагүй байгаа учир олон улсын гэрэл зурагчид ирж оролцож чадаагүй байна. Агтана хүрээт наадам энэ жилийн хувьд анх удаа улсын хэмжээнд болж байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөн ихтэй, цар хүрээ ч өргөн болсон. Тиймээс цаашид зарим зүйл дээр анхаарах ёстойг зохион байгуулагчид онцолж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.