
Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан 21 зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт хийжээ. Хяналтын зорилго нь зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өр төлбөрийг барагдуулахад чиглэжээ.
Хяналтад хамрагдсан 21 зээлдэгчийн 18 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглан, эргэн төлөлтөө хугацаанд нь хийж байна. Түүнчлэн найдваргүй ангилалд байсан 35 зээлийн 225 сая төгрөгийн өрийг бүрэн барагдуулж, 57 зээлдэгч нийт 231 сая төгрөгийн эргэн төлөлт хийжээ.
Харин 2026 онд Хоршоо хөгжүүлэх сангаас Жаргалант, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх, Ихтамир суманд төсөл сонгон шалгаруулж, 20 төсөлд нийт 1.2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Зээл авсан аж ахуйн нэгжүүд хөрөнгөөрөө үйлдвэрлэлийн барилга барих, түүхий эд, тоног төхөөрөмжөө сайжруулах, ажлын байраа өргөтгөх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд анхаарчээ. Тодруулбал, хоёр зээлдэгч үйлдвэрлэлийн барилга барьж, зургаа нь түүхий эд, тоног төхөөрөмжөө сайжруулан, хоёр нь ажлын байраа өргөтгөж, найм нь түүхий эд болон эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байна.
Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үр дүнд үндсэн ажлын байр 13, улирлын чанартай ажлын байр 12-оор нэмэгдэж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл дунджаар 20-30 хувиар өсжээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.