Зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Архангай аймгийн Цагаан давааны пост болон Цагаан хаалгаар орж гарч байгаа тээврийн хэрэгслийн ачаалал их байна.
Архангай аймгийн хэмжээнд төв зам дагуу 15 пост ажиллаж байгаа бөгөөд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газрын нийт 150 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр ажилтнууд зорчигчдын халууныг үзэж, асуумж судалгаа авч байгаа юм.
Төв зам дагуух постууд энэ сарын тавныг хүртэл ажиллах аж. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний ачаалал буурч, хэвийн хэмжээнд хүртэл ажиллана гэв. Харин тус постуудад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид ирэх тавны өдрийг хүртэл 24 цагаар ажиллах юм.
Архангай аймгийн төвд хойд талаасаа Цагаан давааны постоор орох тээврийн хэрэгслийн урт дараалал үүсч, жолооч, зорчигчид тус постоор гарахын тулд доод тал нь 2 цаг хүлээж байна гэдгийг хэлж байсан юм. Энэ сарын 3-ны өглөөний 06:00-15:00 цаг хүртэлх хугацаанд нийт 1000 гаруй тээврийн хэрэгсэл, 4000 гаруй иргэн зорчсон гэж Архангай аймгийн Цагдаагийн газрын ахлах байцаагч Д.Энхзоригт хэллээ.