Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Амарбаясгалант хийдэд жил бүрийн наймдугаар сард Гонгорын бумбын их тахилга болдог уламжлалтай. Энэ жилийнх энэ сарын 20-22-нд болох байсан боловч хойшилжээ. Учир нь тус хийдийн ойр орчмын айлуудад Ковид-19 өвчний халдвар илэрсэн тул Аймгийн Онцгой комисс болон Эрүүл Мэндийн Яамны зөвлөмжийн дагуу ийн хойшилсон байна.
Амарбаясгалант хийдэд зохион байгуулдаг эл Гонгорын бумбаны хурлыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд хийхээр хойшлуулсан тухай хийдийн захиргаанаас мэдэгдэж, сүсэгтэн олноосоо хүлцэл өчсөн байна.
Гонгорын бумба тахих зан үйлийг зөвхөн Амарбаясгалант хийдэд хийдэг аж. Гонгорын бумбын хурлыг жил бүрийн наймдугаар сард хийх бөгөөд бумбыг зөвхөн тус хийдэд бүтээж маш нарийн дэг жаягаар аравнайлдаг ажээ. Үүнд есөн эрдэнэ, ховор эмийн ургамал, арц хүж, цай гээд нарийн нандин зүйлс ордог байна. Уг бумбыг бүтээлгэсэн хүн нь бумбаа жилд нэг удаа тахиулдаг бөгөөд хир буртаг оруулахгүй, хамаагүй хөдөлгөж эдэлдэггүй ёстой гэнэ. Мөн дахин тахиулахдаа тус хийд дээр авчирч тахиулдаг уламжлалтай ажээ. Гонгор бурхан өөрөө цагаан бурхан учраас цэвэр цагаан мөнгөөр бүтээлгэх нь их байдаг аж. Гонгорын бумба нь баяжихын бумба” гэдэг гэгддэг аж. Бумбыг бүтээлгэснээр буян хишиг арвижиж, эд хөрөнгөөр элбэг дэлбэг болдог хэмээжээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.