Монгол Улсын анхны үндэсний геопарк “Ханбогд–Хар цав” нээлтээ хийлээ

13 цагийн өмнө Өмнөговь

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчог соёл, амралтын хүрээлэнд Монгол Улсын анхны үндэсний геопарк болох “Ханбогд–Шар цав” геопаркийн нээлтийн ёслол боллоо.

Нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ “Ханбогд–Шар цав” геопарк нь Монголын геологи, палеонтологи, соёлын өвийг хамгаалах, олон улсад сурталчлах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн цаашид Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдсэнээр 50 гаруй улсын 240 гаруй геопаркийн сайн туршлагыг нэвтрүүлэх, дэлхий судлалын шинжлэх ухааны олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэхийг онцолсон юм.

Арга хэмжээний үеэр Өмнөговь, Дорноговь аймаг болон Ханбогд, Манлай, Мандах, Хатанбулаг сумдын удирдлагууд “Ханбогд–Шар цав” геопаркийг хамтран хамгаалах, хөгжүүлэх, менежментийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү баримт бичиг нь геопаркийн хамтын засаглалыг бэхжүүлэхээс гадна Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг уялдуулан хэрэгжүүлэх чухал үндэс болох юм.

Нээлтийн ажиллагаанд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон орон нутгийн иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцлоо. Тухайлбал, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Геопаркийн үндэсний хорооны дарга Х.Санчигдорж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Цоморлиг нар оролцов.

Монгол Улсын анхны үндэсний геопарк ийнхүү нээлтээ хийснээр геологийн өв, байгалийн хосгүй тогтоц, нүүдлийн соёлын үнэт өвийг хамгаалах, судлах, олон нийтэд сурталчлах шинэ боломжийг нээж, Монгол Улсыг Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх үйл явцын чухал эхлэл болж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.