Жаргалант сумын иргэдийн зүгээс цагаан тоосны дэгдэлттэй холбоотойгоор гомдол гаргаж, тэдэнтэй уулзах хүсэлтийг тавьсан. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд уулзалтыг зохион байгууллаа. Тус сумын иргэдийн зүгээс дараах саналуудыг хэлж байна.
Жаргалант багийн иргэн С.Түмэн-Өлзий: Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах ажил чинь амьдралд нийцэхгүй байна. Эрүүл мэндийн байгуулагаас гаргасан судалгаа бий. Хүний эрүүл мэндэд цагаан тоос хэрхэн нөлөөлж байгаа тогтоох хэрэгтэй байна. Бидэнд нөхөн олговор ологх саналтай байна. Иргэдийг шинжилгээнд хамруулж байхыг шаардаж байна.
Улаантолгой багийн иргэн Т.Эрдэнэбат: Жаргалант суманд ажлын байр байхгүй, би энд ногоо тарих гэж ирсэндээ харамсаж байна. Хавар, намартай Жаргалант сумын иргэдэд хүндрэлтэй зүйл олон бий. Надад хэлэх гурван санал байна. Эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ажлын байртай болмоор байна. Манай сумын иргэд ногоо тарьж, мал малладаг өрхүүд бий. Ногоог нь иргэд авахгүй, малын махыг нь идэхгүй. Жаргалант сумын сургуульд математик, хими, физик зэрэг нарийн мэргэжлийн багш нар байхгүй. Хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна.
Улаантолгой багийн иргэн Д.Шаравдорж: Цагаан тоосноос болж олон хүн эрүүл мэндээрээ хохирч, хэдэн хүн өвдөв. Тоосжилт зөвхөн Говил, Баянцагаан, Жаргалант сумын иргэдийн асуудал биш болж байна. Одоо Бургалдай өнгөрөөд тоосжилт нь Сэлэнгэ аймаг руу тархаж байна.
Жаргалант багийн иргэн С.Батсайхан: Эрдэнэт үйлдвэрийн цех бүр гуанзтай, бид тарьж, хураасан ногоогоо нийлүүлье. Дараагийн уулзалтаар шийдвэр гаргах түвшины удирдлагуудтай уулзмаар байна. Нөгөө л ярьдаг юм аа ярьж байна. Цагаан тоосонд яг хэдэн төрлийн хүнд элемент байдаг гэдгийг одоог хүртэл судлаагүй. Миний мэдэхээр 19 байдаг гэж сонссон. Дэлхийн 10-т багтах том уул уурхайн үйлдвэр атлаа олон улсын байгууллагад ямар арга барил, технологи ашиглаж байгааг судлаад үзээрэй. Хангал голоос мал услаж болох юм уу, бидэнд шинжилгээний хариуг хэлж өгөөч. Говил, Баянцагаан, Улаантолгойн иргэд бид даатгалтай болмоор байна. Цагаан тоостой холбоотой дуудлагын нэг утас гаргачих тэгвэл тоос дэгдэх болгонд бид та нарыг дуудаж байя. Таван хүний бүрэлдэхүүнтэй цагаан тоосны ажлын хэсэг гэж юу байдаг юм. Энэ уулзалтад шийдвэр гаргах түвшиний нэг ч хүн алга, нэг уулзаад болчихно гэж битгий бодоорой. Дараагийн удаад удирдлагуудаа ирүүлээрэй.
Улаантолгой багийн иргэн Б.Жаргал: Цагаан тоос хүн, малд яаж нөлөөлж байгааг шинжилгээгээр тогтоогоогүй байж, яаж дүгнэлт гаргаад байгаа юм. Шинжилгээг яаралтай хиймээр байна. Жаргалант сумын иргэдэд нөхөн олговор олгож эхэлмээр байна. Хангалын голын усыг цэвэршүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Энэ бол чимээгүй тахал.
Дулаан уул багийн иргэн Г.Алтанзул: Та нар хүнээ хайрлаач. Эмээ өвөө, ээж, хүүхдүүд хордож байна. Сум, орон нутаг, үйлдвэрийн удирдлагууд хоорондоо ярилцаж шийдвэр гаргах шаардлагатай байна. Шийдвэр үр дүнтэй байгаасай.
Улаантолгой багийн иргэн Ш.Билгүүнбаатар: Жаргалант суманд тарьсан ногоог хэн ч худалдаж авдаггүй, өрхийн амьжиргааны түвшинд шууд нөлөөлж байна. Ногоочид борлуулалт хийхийн тулд Сэлэнгэ, Булганы ногоо гэж хэлдэг. Энд ч тэдгээр хүмүүс сууж байна. Энд амьдарч буй иргэдийн хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй зөрчигдөж байна.
Улаантолгой багийн иргэн Х.Гэрэлтчулуун: Иргэд өөрсдийгөө хамгаалж чадахгүй байна, хөрсөнд ямар хор хөнөөл илэрч байгааг бид мэдэхгүй. Хөрсөнд ямар хор хөнөөл байна, үүнийг яаж шийдвэрлэх нь чухал байна. Айл бүр худагтай болох нь зөв шийдэл. Ингэснээр ногоон байгууламж нэмэгдэнэ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.