БШУЯ-наас Баян-Өлгий аймгийн бүх сургуулийг казах хэл дээрх уран зохиол, танин мэдэхүйн номоор хангалаа.
Тус яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд аймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн номын санд хүүхдийн уран зохиол, танин мэдэхүйн ном нийлүүлсэн. Гэвч тухайн номууд нь монгол хэл дээр байжээ.
Иймд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас хэл, соёлын онцлогтой Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд казах хэл дээр унших уран зохиолын ном зайлшгүй шаардлагатай байгааг тухайн үед уламжилсан байна.
Уг хүсэлтийн дагуу БШУЯ-наас 146,6 сая төгрөг шийдвэрлэж, ном нийлүүлэх тендер зарлажээ. Улмаар 50 нэр төрлийн 13500 орчим номыг аймгийн БСУГ-т саяхан хүлээлгэж өгсөн байна.
«Яамнаас ирсэн номыг бүх сургуульд үнэгүй хуваарилж өглөө. Эдгээр уран зохиолын болон танин мэдэхүйн номууд нь агуулгын хувьд бага ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон. Маш сонирхолтой, өнгөт зурагтай бөгөөд хүүхдийн эх хэлний чадварыг сайжруулж, сургалтын чанарыг ахиулахад түлхэц болно» хэмээн аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Б.Аяужан хэллээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.