Томуугийн өвчлөлийн улмаас Сэлэнгэ аймагт хөл хорио тогтоолоо

2019-12-25 Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох албадын мэдээллийг сонссон байна.

Малчид, мал бүхий иргэдийн тухайд яг одоогоор хүндэрсэн байдал гараагүй байгааг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр хэлсэн бол аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан нарын мэдээллээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчний халдвар өндөр байгааг танилцуулжээ. Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал 20 хувьд хүрээд байгаа ажээ.

Иймээс онцгой комиссын гишүүдийн саналаар ерөнхий боловсролын сургуулийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал 3 хоног, цэцэрлэгийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хол хорио тогтоохоор болж, нөхцөл байдлын мэдээг холбогдох дээд шатны байгууллагад уламжилсан байна.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ, секц дугуйлан хичээллүүлэхгүй байхад хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгохоор болов.

Мөн албан байгууллагын дарга эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч хамгаалах боломжийг олгож ажилтан албан хаагчиддаа чөлөө зөвшөөрөл олгож зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог анхааруулжээ.

 

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.