Мал нядалгааны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо
“Таван Эрдэнэ” мах нядалгаа, худалдааны төвийг түр хугацаагаар хаалаа.
Мэргэжлийн хяналтын газрын ээлжит үзлэг, шалгалтаар нийт 40 гаруй зөрчил илэрсэн тул зөрчлөө арилгах хүртэл нь үйл ажиллагааг нь зогсоожээ. Тус төв үндсэн найман ажилтантай бөгөөд махны 20 гаруй худалдаачин, 10 орчим ченжүүд өдөр бүр ажилладаг байна. Ингэхдээ махны худалдаачид нь өөрсдийн гэрээт нядалгаачдыг ажиллуулдаг ажээ. Гэрээт ажилчид нь эрүүл мэндийн бичиггүй, мал нядлахдаа ариун цэврийг сахидаггүй, гар угаах зориулалтын газаргүй, нядалгааны газар нь бохирдол ихтэй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд тус төвийн захиралд хугацаатай үүрэг өгч юуны өмнө мал нядлах орох, гарах гарцыг тусад нь гаргах, махны худалдаачин, ченжүүд, нядалгаа хийх иргэдийн эрүүл мэндийн бичгийг шалгах, гар угаах, ариутгах газрыг байгуулах, малын гэдэс, цусыг цэвэрлэх орчныг бүрдүүлэх шаардлага тавьжээ.
“Таван Эрдэнэ” худалдааны төв нь байгуулагдаад удаагүй ч мал нядлах болон малын зах дээр ажиллах иргэд олддоггүй мөн малын гэдэс, дайвар бүтээгдэхүүнийг иргэд худалдан авахаа больсон тул шууд хаяддаг гэлээ. Ингэхдээ өдөрт нядалсан малын гэдсүүдийг бөөгнүүлж байгаад оройдоо хаядаг тул орчин бохирддог гэж захирал нь тайлбарлаж байлаа.
[powr-comments id=86ad5453_1485400055]