Архангай аймагт жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 10 гаруй аж ахун нэгжийн 20 гаруй бизнес эрхлэгчдэд “Экспортыг дэмжих төсөл”-ийн танилцуулах сургалтыг Сангийн яам болон Дэлхийн банкны төсөл хариуцсан ажилтнууд аймгийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоотой хамтран энэ сарын 15-нд зохион байгууллаа.
“Экспортыг дэмжих төсөл” нь уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой юм. Төслөөс нэг аж ахуйн нэгжид олгох санхүүгийн дэмжлэгийн хуримтлагдсан дээд хэмжээ буцалтгүйгээр 100,000 ам.доллар бөгөөд зөвхөн зөвшөөрөгдөх үйл ажиллагааны хүрээнд гарсан зардлын 50 хувийг нөхөн олгох ажээ.
Сургалт нь Сангийн яамны хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдах сонирхлоо илэрхийлсэн аж ахуй нэгжүүдийн экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах явцтай танилцах, төлөвлөгөө боловсруулахад тулгарч буй асуудал, хүндрэлүүдийг сонсох, шийдвэрлэх арга замуудыг хамтран хэлэлцэх, санхүүгийн дэмжлэгийн багаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцох зорилгоор явагдсан юм.
Бизнес эрхлэгчид экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад тулгарч буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Мөн сургалтаар төслийн хүрээнд зохион байгуулдаг сургалт, судалгааны талаарх мэдээлэл, аж ахуйн нэгжүүдийн төсөлд хамрагдахаар гаргасан өргөдлийн явцыг тухайн аж ахуйн нэгж төслийн хүрээнд боловсруулж бэлэн болгосон PIMIS систем дээр цахим хуудсаар дамжуулан интернетээр хэрхэн хянах зааврыг танилцууллаа.
Сургалтаар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн бизнес хөгжлийн шинжээч О.Батхишиг “Экспортыг дэмжих төсөл”-ийн таницлуулга, Б.Нямсүрэн “Санхүүгийн дэмжлэг”-ийн танилцуулга, Э.Цогтбаяр “Экспортын хөгжлийн төсөв боловсруулах аргачлал” сэдвүүдээр мэдээлэл хийсэн юм.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.