Дэлхий нийтээрээ олон улсын ирвэсийн (цасны барс) өдрийг тэмдэглэв. Энэ өдөр Улаангом хотын төв талбайд (Увс аймгийн төв) нэгэн томоохон үйл явдал болсон нь “Ирвэсийн эх нутаг 2017” хэмээх “ирвэсийн баяр” юм. Энэ үйл явдалд ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсаас төлөөлөгчид оролцов. Тэрээр энэ бол Монгол улсад болж байгаа ирвэсэд зориулсан анхны олон улсын наадам юм. “Ирвэсийн наадам”-ын түүхийг авч үзэх юм бол хамгийн эхлээд 2010 оны тавдугаар сард ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын Кош-Агач сууринд “Газар дэлхий дэх цасны барс” нэртэйгээр зохион байгуулагдсан ба уг наадамд Монгол улсын Баян-Өлгий аймгаас төлөөлөгчид оролцсон. Дараа жил нь ОХУ болон Монгол улсын хоорондын хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд мөн Баян-Өлгий аймгаас хүүхдүүд, дунд сургуулийн сурагчид Кош-агачид улмаар Горно-Алтайск хотод зочлон Ирвэсийн баяр, “Газар дэлхий дэх цасны барс” наадамд оролцсон билээ. Харин энэ удаад Улаангомд болсон наадам маань олон улсын хүрээнд явагдсан гэдгийг дээр дурьдсан. Үүнтэй зэрэгцээд Алтайн бүгд найрамдах улсын бүх сургуулиуд энэ оныг экологийн жил болгон ажиллаж байгааг бас тэмдэглүүштэй.
Урьд нь Улаангомын төв талбайд ийнхүү “ирвэсийн цуглаан” болж байсан нь ер үгүй. Төв талбайд Монгол орон дахь ирвэс оршин амьдардаг бүс нутаг болох Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын дунд сургуулийн сурагчдаас бүрдсэн 26 баг цугларсан байв. Ирвэсийн баяр маань багт наадмын жагсаалаар эхлэв. Хотын төв гудамжнаас Захиргааны ордны довжоо хүртэл ирвэс шиг хурц өнгийн баг өмссөн багачууд, өсвөр насныхны эгнээ үргэлжлэнэ. Тэд баг, багаараа үлэмж том монгол гэрийн хэлбэр үүсгэн жагссан ба шүүгчид тэдний багаа хэрхэн тохируулж урласан, тэрчлэн нүүр хувиргалт будалт зэрэг шинж байдлыг чихнээс нь хөлийн тавхай хүртэл нэг бүрчлэн шинжиж үнэлгээ өгөв. Дараа нь оролцогчид аймгийн театрт очиж, ирвэс хамгаалах сэдвээр зохиомжлон, найруулсан бүтээлүүдээрээ өрсөлдөв.
Хүүхдүүдийн бэлдсэн зохиомжит тогтлолтууд үнэхээр үнэн санаанаасаа хийгдсэн, сэтгэл хөдөлгөм байсан ба үзэгчид түүнийг үзээд нүднээсээ нулимс дуслуулж байлаа. Тэд үнэнхүү, нулимс унагамаар уярам хийгээд инээд бармаар хөгжилтэй, олон өнгө аяс бүхий зохиомжоор театрын тайзыг эзэгнэж чадсан. Эцэст нь Ховд аймгийн баг нийлбэр дүнгээрээ хамгийн өндөр оноо авч нэгдүгээр байр эзлэн уралдааны ялагч болов. Ховд аймгийн Манхан сумаас ирсэн “өсвөрийн жүжигчид”-ын “Алтан загасны үлгэр”-ийн үгүүлэмжээр зохиомжилсон тоглолт тун сонирхолтой, бас чадварлаг болсон. Эрт цагт ууланд хүслийг гүйцэлдүүлэгч нэгэн шидэт барс (ирвэс), түүний ойролцоохон өвгөн эмгэн хоёр амьдарч байснаар үлгэр эхлэнэ. Эмгэн нь өвгөнийгөө шидэт ирвэсэнд очиж хэлээд эд мөнгө, орд өргөө, эрх мэдэл гуйж ир хэмээн дахин, дахин хөөж явуулах ба сүүлдээ олзондоо шунаж даварсаар, юу ч үгүй хоцроно. ОХУ-ын АБНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь тус улсад болдог “Цасны барс” наадмын хэд, хэдэн удаагийн ялагч (тэргүүн байр эзэлсэн) Дэлхийн байгаль хамгаалах сан болон Кош-Агач дахь Сийлхэмийн (Сайлюгемский) үндэсний хүрээлэнгийн (парк) дэргэдэх “Найзууд” клубын хүүхдүүд, мөн Горно-Алтайск хотын сургуулиудын төлөөлөл болох “Сонгодог” клубын багачуудаас бүрдсэн байв.
Наадмын нээлтэн дээр Алтайн бүгд найрамдах улсын төлөөлөгчид, хүүхдүүд маань хоёр орны нутаг дэвсгэр дэх цасны барсыг хамгаалах үйлсэд бүгдээрээ нэгдэж, хамтран ажиллахыг уриалсан. Мөн нээлтэн дээр АБНУ-д болдог цасны барс наадмын тухай, Увс нуурийн сав дагуух байгалийн нөөц газрын биологийн төрөл зүйлийн тухай, түүнчлэн Тувагаас ирсэн төлөөлөгчид танилцуулга хийсэн юм. Тувагийн байгал орчны хүмүүс Монголын “Увс нуур” байгалийн нөөц газрын хамт олонтой нягт хамтран ажилладаг юм байна.
Улаангомын энэ фестивал (наадам) дээр Алтайн бүгд найрамдах улсын хүүхдүүд Баян-Өлгийгөөс ирсэн хуучин танилуудтайгаа уулзсан нь бас нэг баяртай явдал байв. Баян-Өлгий аймгийн дунд сургуулийн Казак хэлний багш Нурымгул Тохтолган Кош-Агачид болсон анхны наадамд “Бастам” хувийн дунд сургуулийн сурагчидтай хамт очиж оролцож байсан. Харин энэ удаад тэр бас өөр нэг хувийн дунд сургууль болох “Зайд” сургуулийн сурагчидтай хүрэлцэн иржээ. Энэ хүүхдүүд фестивалд оролцохоор эртнээс бэлдсэн бөгөөд дараагийн удаад Баян-Өлгий аймгийн нэгдүгээр дунд сургуулийн хүүхдүүд энэ наадамд төлөөлөгчөөр оролцохоор болсон гэнэ. Наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг Баян-Өлгий аймагт шилжүүлэн зохион байгуулсан ба ирэх жилийн олон улсын наадмаар Баян-Өлгий аймагт уулзацгаахаар болж, найдлага өвөрлөн буцав.
Энэ наадмын ерөнхий зохион байгуулалтыг Увс аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар хариуцаж аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Монгол улс дахь дэлхийн байгаль хамгаалах сан болон хүрээлэн байгаа орчин, байгаль хамгаалах чиглэлийн байгууллагууд дэмжин ажилласан юм. Энэ үеэр Монгол улсын Шинжлэх ухааны Акедемийн Билогийн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Биологийн ухааны доктор Б.Мөнхцог уг наадмын байнгын элч, ивээгчээр өргөмжлөгдсөн нь наадмын бас нэг гол үйл явдал болов.
АБНУ-ын төлөөлөгч хүүхдүүдийг Монгол улсад болсон “Ирвэсийн эх нутаг – 2017” наадамд оролцоход нь дэмжиж тусалсан ОХУ дахь Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай, Саяны бүсийн салбарт гүн талархал илэрхийлье.
Любов ИВАШКИНА
Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.