
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлж эхэлснээс хойш цагаачлал болон үндэсний аюулгүй байдлын чиглэлээр урьд өмнө үзэгдээгүй хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Үүний хамгийн сүүлийн томоохон жишээ нь АНУ-ын Төрийн департаментаас гадаадын иргэдэд олгосон 300 мянга гаруй визийг цуцалснаа албан ёсоор мэдэгдсэн явдал юм. Энэхүү шийдвэр нь АНУ-ын орчин үеийн түүхэнд хамгийн богино хугацаанд, хамгийн олон визийг бөөнөөр нь хүчингүй болгосон тохиолдол болж байна. Ердөө хоёр сарын өмнө буюу 2026 оны наймдугаар сард цуцлагдсан визийн тоо 175 мянга байсан бол Трампын засаг захиргаа виз цуцлах үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр энэ үзүүлэлт богино хугацаанд бараг хоёр дахин өсжээ.
Визийг хүчингүй болгосон гол үндэслэлүүд нь АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр виз цуцлах ажиллагаа нь дараах үндсэн дөрвөн шалтгаанаар хийгдсэн байна.
-Хууль зөрчсөн үйлдэл ба гэмт хэрэг: АНУ-д байх хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон (DUI), бусдын биед халдсан, хулгай хийсэн болон хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийн визийг шууд цуцалсан.
-Цагаачлалын залилан мэхлэлт: Түр хугацааны жуулчны (B1/B2) эсвэл бизнесийн визээр АНУ-д нэвтэрснийхээ дараа улс төрийн орогнол хүссэн тохиолдлуудыг Трампын засаг захиргаа “визийн залилан” гэж үзэж, визийг нь хүчингүй болгож байна.
-Үндэсний аюулгүй байдлын эрсдэл: АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон нийгмийн хэв журамд заналхийлж болзошгүй гэж үзсэн этгээдүүдийг жагсаалтад оруулжээ.
-“Төрөх соёл иргэншил” (Birth Tourism): АНУ-ын нутаг дэвсгэрт төрж, хүүхэддээ шууд иргэншил авах зорилгоор ирсэн, эсвэл үүнд зуучилсан 4,000 гаруй гадаадын иргэний визийг цуцалсан байна.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт энэхүү шийдвэрийг хамгаалж, “АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн, залилан мэхэлсэн болон үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадаадын этгээдүүдэд манай засаг захиргаа огт үл тэвчих бодлого баримтална” гэж мэдэгдэв. Харин хүний эрхийн байгууллагууд болон цагаачлалын хуульчид үүнийг эрс шүүмжилж байна. Тэдний үзэж буйгаар, засаг захиргаа ийнхүү бөөнөөр нь виз цуцалж байгаа нь хувь хүний хэргийг нарийвчлан шалгах, хууль ёсны дагуу өөрийгөө хамгаалах эрхийг нь хязгаарлаж, тодорхой үндэстэн, цөөнхүүдийг зориуд онилсон шинжтэй байна хэмээн түгшиж буйгаа илэрхийлжээ.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.