
Монгол Улсын эдийн засгийн зүрхний цохилт, уул уурхайн салбарын нүүр царай болсон “Эрдэнэс Тавантолгой” ХК хөгжил, шинэчлэлийн туйлын хариуцлагатай бөгөөд түүхэн шилжилтийн үе дээрээ ирээд байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн саяхан хийсэн мэдэгдэл уул уурхайн салбарт төдийгүй монгол хүн бүрийн халаас, ирээдүйн амьдралд эерэг өөрчлөлт авчрах томоохон хүлээлтийг үүсгэлээ.
Тэрбээр компанийн үйл ажиллагаанд хийгдсэн олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудит амжилттай дуусаж, улмаар компанийн бодит үнэ цэнийг тогтоох олон улсын хөндлөнгийн хөрөнгийн болон бизнес үнэлгээний ажил албан ёсоор эхэлснийг зарласан юм. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” олон улсын жишигт нийцсэн, ил тод, нээлттэй компани болох зүгт хийж буй аварга алхам билээ.
Өнгөрсөн хугацаанд тус компани зөвхөн түүхий эд олборлогч байхаас татгалзаж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь бүтцийг амжилттай угсарч ирлээ. Үндэсний хэмжээний томоохон төслүүдийг мөнгөжүүлж, нүүрс тээвэрлэлтийн логистикийг сайжруулан, баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, шинэ ордуудыг нээсэн нь компанийн суурь үнэлгээг хэд дахин өсгөх бодит хөрс болсон юм. Үүнээс гадна улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах нийгмийн хариуцлагын олон төслийг санхүүжүүлж, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд ямагт манлайлан оролцож ирснийг тэмдэглэх хэрэгтэй.
Уул уурхайн баялгийг иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хуваарилах, 1072 хувьцаагаар дамжуулан монголчуудыг баялгийнхаа жинхэнэ эзэн болгох түүхэн үүд хаалга тэртээ 2012 онд нээгдэж байв. Гэвч өнгөрсөн он жилүүдэд энэхүү үйл явц улс төрийн болон системийн олон хүчин зүйлээс шалтгаалан бүрэн дүүрэн үр өгөөжөө өгч чадалгүй, иргэдийн хүлээлтэд дутуу дулимаг явж ирсэн нь нууц биш. Гадаад, дотоодын зах зээл дээр компанийн үнэ цэнийг бодитоор үнэлүүлэх явдал дутагдаж байснаас үүдэн хувьцааны ач холбогдол сул байв.
Харин өнөөдөр эхлээд буй олон улсын хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ нь “Эрдэнэс Тавантолгой”-г дэлхийн хөрөнгө оруулагчдын нүдээр харах боломжийг олгож байна. Энэхүү үнэлгээ амжилттай дууссанаар компанийн санхүүгийн чадавх нэмэгдэж, олон улсын зах зээлээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалт татах, цаашлаад иргэдийн гар дээрх 1072 хувьцаа бодит эдийн засгийн эргэлтэд орж, тогтмол өндөр ногдол ашиг өгөх суурь нөхцөл бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, бид баялагтаа эзэн байх эрхээ цаасан дээр биш, амьдрал дээр бүрэн дүүрэн мэдрэх цаг ойрхон байна. Компанийн удирдлагын зүгээс хэрэгжүүлж буй энэхүү ил тод, олон улсын жишгийн дагуух шинэчлэлийг тууштай дэмжих нь улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, иргэн бүрийн чинээлэг ирээдүйн төлөөх чухал алхам билээ.
Ийнхүү 1072 хувьцааг өвлүүлж, бэлэглэж, арилжих эрхийг нээх ажил 2027 оны төсвийн төсөлтэй хамт хөдөллөө…
Өчигдөр
2026-10-27
2026-10-26
2026-10-26
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.