
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох “Какао Банк”-ны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Даниел Юн болон тус банкны удирдлагуудын хүсэлтээр албан уулзалт хийлээ. “Какао Банк”-ны төлөөлөгчид Монголын анхны дижитал банк болох МБанк-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцуулж, энэ хүрээнд БНСУ-д нэвтрүүлж буй дижитал банкны шийдлийг Монголын зах зээлд нэвтрүүлэх боломжуудыг судалж буйгаа мэдээлж танилцуулга хийв.
Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт “Монголбанк гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын орчин үеийн дэвшилтэт үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг идэвхтэй дэмжиж хэрэглэгчдэд илүү боломж олгох бодлого баримталж буйгаа илэрхийлсэн байна. Үүнтэй уялдуулан шаардлагатай хууль эрх зүйн орчинг сайжруулах, бусад зохицуулалт болон дэмжлэгийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг онцоллоо. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарын дижитал шилжилт, төлбөрийн системийн хөгжил, хиймэл оюун ухаан болон санхүүгийн технологийн чиг хандлагын талаар мэдээлэл солилцлоо.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.