Н.Цэрэнсамбуу: “Эрдэнэс Тавантолгой” ХК Төсвийн орлогын 16 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна

2026-04-12 Байгаль орчин


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яамны хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ энэ сарын 09-11 өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК эдгээр өдрүүдэд үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцууллаа. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу доорх мэдээллийг өглөө.

-Уул уурхайн салбарын онцлог, олборлох үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг олон нийтэд, үнэн зөв ойлгуулах хэрэгцээ шаардлага нийгэмд үүссэн байна. Улсынхаа хөгжлийн төлөө 24 цагаар тасралтгүй зүтгэж буй уурхайчдын нөхцөл байдлыг шийдвэр гаргах түвшинд ойлгож, зөв бодлогоор дэмжих нь чухал байна.

-Уурхайг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдээ бүрэн ашиглалтад оруулахад тулгарч буй гол бэрхшээл бол эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал байна.

-2026 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 76 удаагийн арилжаагаар 337.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.18 сая тонн нүүрс биржээр арилжсан. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 9.3 дахин өссөн, орлого 7.9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

-Монгол Улс нүүрс олборлох, борлуулах оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Бид нүүрсээ үнэтэй зарах ёстой. Нүүрсний үнэ унасан үед олборлолтыг багасгаж өртөг зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх нь чухал байна.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК Төсвийн орлогын 16 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд 11.7 их наяд төгрөгийн татвар хураамж Улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн 3 жилийн хугацаанд жилд 30 сая тонн нүүрс олборлож борлуулдаг болсон. Жилд 10 гаруй сая тонн нүүрс олборлодог байсан бол 2023-2025 онуудад олборлолт 3 дахин нэмэгдсэн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.