А.Ганганчимэг: Чөлөөлөх дайнд оролцсон 23 мянган монголчуудын 150 нь эмэгтэй байсан

10 цагийн өмнө slider

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярт

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн баярыг 2025 оны есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол Улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Монгол цэргийн музей “Дэлхийн II дайны оршил, өрнөл, төгсгөл эх оронч монголчуудын ялалт” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэжээ. Үзэсгэлэн ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн талаар тус музейн Музей судлал, эрдэм шинжилгээ, сан хөмрөгийн албаны дарга А.Ганганчимэгтэй уулзаж тодрууллаа.


 

-Чөлөөлөх дайны ялалтын ойн 80 жилд зориулан гаргасан үзэсгэлэн энэ удаад юугаараа онцлог байна вэ?

-Энэ дайнд монголчууд оролцсоноороо эрх чөлөө, тусгаар тогтнолоо батжуулж, өнөөгийн ардчилсан Монгол Улсыг бий болгосон гэдгээрээ түүхэн үйл явдал. Тийм учраас үзэсгэлэнд гарсан үзмэр бүхэн маш үнэ цэнтэй.

Чөлөөлөх дайнд Монгол ардын Хувьсгалт цэргээс морьт 5, 6, 7, 8 дугаар морьт девиз, моте механикжуулсан хуягт бригад, нисэх девиз, их бууны хороо, хилийн цэргийн хөлөлгөөнт 9 отръяд оролцсон юм. Мөн Дотоод явдлын яамны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг оролцсон бол Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд зэрэг нийлсэн 23 мянган монголчууд энэ дайнд зөвлөлтийн цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдсан. 1945 оны тавдугаар сард энэ дайнд оролцох нь тодорхой болоход Монгол Улс 800 мянга орчим хүн амтай, 20 сая орчим мал сүрэгтэй, эдийн засгийн хувьд зөвхөн МАА-д суурилсан, тийм ч таатай биш байсан ч хилийн цаана өрнөж буй дайнд оролцохын тулд маш олон ажиллагааг урьтал болгож явуулсан, түүхэн үүргээ ч биелүүлсэн.

Тухайлбал, цэрэг эрсийн сэтгэлзүйг бэлтгэх, дайн тулааны бэлтгэл хийх, 22400 орчим морьд, 6000 тэмээ бэлтгэх нөр их ажлыг хийсэн. Морьдын 18400 орчмыг зүүн болон өмнө зүгийн аймгуудаас бэлтгэж байв.

Энэ үед цэргийн хоол хүнс, зэвсэг, тэр дундаа сэлэмт хорооны сэлэм, морьдын эмээл, хазаарыг бэлтгэх, бүх морьдыг тахлуулах гээд тоймгүй их ажил байсныг Лхагвасүрэн жанжингийн дурсамжид дурдсан байдаг. Ингээд тухайн оныхоо тав, зургадугаар сард бэлтгэл ажлыг дуусгахтай зэрэгцэн Маршал Чойбалсангийн нэрэмжит шалгалт арваад хоног үргэлжилж, хоёр сарын хугацаанд Монгол цэргүүд дайнд оролцох сэтгэл зүй, зэвсэг хангамж бэлэн болсон.

Тухайн үед мөн Монгол цэргийн хүчийг хоёр чиглэлд хуралдуулсан байдаг. Үүнд, Замын-Үүдэд хурандаа Нямтайсүрэнгээр командлуулсан долдугаар хуягт бригадынхан их бууны хороотойгоо төвлөрч байв. Нөгөө чиглэл болох морьт дедиз холбооны хорооноос бүрдсэн бригад Сүхбаатар аймгийн Байшинтад хүч хуралдуулж, тэндээс урагш 950 километрт хилийн гадна очиж байрласан.

Тэд хамгийн сүүлд Монголын хилээс 1000 гаруй километрт байрлах Өвөр монголын Долнуур, Жэхэ, Гүбэкү хотыг чөлөөлсөн. Энэ үе бол зуны наймдугаар сар байсан учраас маш халуун, нэг бол үргэлжилсэн их бороотой байсан зэрэг нь дайн байлдааны үйл явцад хүндрэл учруулсан.

Байгалийн саад бэрхшээлээс гадна дайтагч тал Япончууд давшилтад хүчтэй эсэргүүцэл үзүүлж, хиймэл ширүүн урсгалт гол гаргах зэргээр саад хийж байсан. Гүбэкү хот өөрөө Цагаан хэрмийн гарам хаалга гэгддэг. Энэ хаалгаар гарч байж тухайн хотыг чөлөөлөх байсан тул тухайн үед цэргүүд усанд боогдож урсаж байсан гэдэг. Тиймээс ухрааж, замын саад бартааг засаж байж чөлөөлөлтийг хийсэн гэдэг.

Энэ бүхэн нь өөрөө манай монгол цэргүүдийн хүч чадал, морьт цэргүүдийн эцэж цуцашгүй байдлыг бүрэн илэрхийлж байсан. Нөгөө талаар чөлөөлөх дайнд мордсон цэргүүдийн сэтгэл зүйд манай улс энэ дайнд оролцож ялалтад хувь нэмрээ оруулснаар Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх юм шүү гэдгийг маш сайн суулгаж өгсөн явдал. Энэхүү баатарлаг түүхийн бүхий л үйл явцыг илтгэсэн үзмэр, түүхэн баримтууд манай үзэсгэлэнд дэлгэгдсэн байгаа.

-Дайнд мордсон цэрэг эрсийн алдар гавьяаг магтаад дуусахгүй л дээ. Тэр утгаараа нөхөж шагнах, алдаршуулах ажлыг салбарын яамнаас хийж байгаа болов уу? Тухайлбал, шинээр баатар цолтон төрөх үү?

-Жанчхүүгийн давааны тулаанд оролцсон Нямтайсүрэнгээр командлуулсан бригадын нэгдүгээр батилионы дарга, хошууч Сосор гэж хүний удирдсан цэргүүдэд Аюуш, Дашдондог, Дүүдэй баатар, Данзанваанчиг, Дампил нар багтан уг тулаанд ялалт байгуулж, чөлөөлж байсан. Хошууч Сосор гэж энэ хүн тухайн батилионыг ахалж, галын шугамын тэргүүн эгнээнд оролцсон. Тиймээс 80 жилийн дараа Монголын арми энэ хүний алдар гавьяа, түүхэн үүргийг танилцуулж, баатар цолонд тодорхойлсон. Нийтдээ Сосор тэргүүтэй гурван хүнийг баатар цолонд тодорхойлсон. Төр засаг ямар шийдвэр гаргахыг одоогоор мэдэхгүй байна.

-Чөлөөлөх дайны талаарх сүүлийн үеийн судалгааны шинэ содон мэдээллийг бидэнтэй хуваалцаач? Энэ удаагийн үзэсгэлэнд эмэгтэйчүүдээ онцолсон нь анхаарал татлаа.

-Бидний олж авсан мэдээллээр чөлөөлөх дайнд 150 гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг. Эдгээр эмэгтэйчүүдээс хоёр дайнд оролцсон сувилагч Норовдаваа гуай байна. Энэ хүн бол хээрийн цэргийн госпиталд гардан ажиллаж, шархадсан цэргүүдийг зөөх, эмчлэх бүхий л ажлыг хийж байсан. Мөн Отгон гэж эмэгтэй сувилагч хийхийн зэрэгцээ жолооч хийж байсан. Нөгөө л хуягт техникийг жолоодож явсан. Энэ мэтээр эмэгтэйчүүд сувилагч, жолооч, шуудан зөөгч, тогооч, цэрэг эрсийн сэтгэл зүйг өргөх, дэмжих гээд маш олон чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнд эмэгтэйчүүдийн дайнд гүйцэтгэсэн үүргийг тодруулж бид тусад нь байршуулсан. Үзэсгэлэнгийн энэ хэсэгт эдгээр түүхэн эмэгтэйчүүдийн байлдаанд оролцогчийн үнэмлэх, холбогдох баримт сэлт, гэрэл зургийг онцгойлон гаргалаа. Ахмад дайчдын маань ар гэр, үр хүүхдүүд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа.

Нэмж хэлэхэд, Цэргийн ансамбле буюу Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга маань дайны талбарт очиж урлагаар үйлчилсэн цорын ганц байгууллага. 1945 оны 9 дүгээр сарын 2-нд 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр Долнуур хотод очсон. Тэндээ чөлөөлөгдсөн Өвөр монголын ард иргэдэд тоглолт хийж байх үед тушаал ирж, Өвөр монголын бүх хотоор тоглолт хийхээр болсон. Ингээд нийтдээ 22 хотод очиж 22 удаагийн тоглолтыг дайны дараах цаг үед хийж байлаа. Тэдгээр 60 хүний 15 нь сүүлд МУГЖ болсон Цэрэндулам тэргүүтэй дуучин, бүжигчин эмэгтэй байсан. Тэднийхээ өмсөж байсан хувцас, хөгжмийн зэмсэг болон тухайн үеийн тоглолтын бичлэг зэргийг үзэсгэлэнд дэлгэн тавьсан.

-Одоо чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудаас хэд нь байдаг вэ?

-Одоо 10-аад хүн байна. Манай үзэсгэлэнг зорьж Дорноговь аймгаас 101 настай Зундуй гэж ахмад дайчин ирлээ. Мөн Шагдар гэж хүн оролцлоо.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.