Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс нийт нутгийн зудын үнэлгээг гаргасан байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар нийт нутгийн 80 хувь нь цастай байгаа аж. Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их цастай байгаа бол говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт сумдаар 22-34 см хүртэл цастай байна. Бусад нутгаар 1-10 см хүртэл цасан бүрхүүлтэй байна гэсэн мэдээ гарчээ. Тэгвэл гуу жалга, хунгарласан газруудад 60 см хүртэл зузаан цастай байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа аж.
Зудын эрсдлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй. Харин 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байна.
2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ.
Зудын үнэлгээг өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглан гаргадаг байна.
Зуншлагын байдлын 2024 оны наймдугаар сарын 20-ны үнэлгээгээр Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Завханы зарим сумдын нутгаар гантай болон гандуу байдалтай байжээ. Мөн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрсэн гэсэн үнэлгээтэй байжээ.
6 цагийн өмнө
6 цагийн өмнө
Өчигдөр
87525
31006
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.