Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.12.29/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 28-нд нийт 14035 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Үүний 36 нь Баянзүрх дүүргийн дэгдэлтэй холбоотой илэрсэн. Тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт голомтод хавьтал болсон 682 хүнд гурав дахь давтан шинжилгээ хийхэд илэрсэн. Ийнхүү Баянзүрх дүүргийн голомттой холбоотой коронавирусийн батлагдсан тохиолдол 226 боллоо. Үүнийг задалбал, сувилагч 2, үйлчлэгч 1, өвчтөн 6, сахиур 4, гэр бүлийн хавьталт 17, бусад 2 хавьтал тус тус батлагдсан.
Харин Хавдар судлалын үндэсний төвийн хавьтал болсон 126 хүнд хоёр дахь удаагийн давтан шинжилгээ хийхэд 4 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ нь батлагдсан хоёр тохиолдлын гэр бүлийн 3 хүн, тухайн тасагт хамт ажилладаг нэг сувилагчаас коронавирус илэрлээ.
Мөн нэг шинэ тохиолдол нь Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлаж, бусад хавьтлуудаас шинжилгээ авах ажиллагаа үргэлжилж байна. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнаас коронавирус илэрлээ.
Түүнчлэн 38 тохиолдлын хоёр нь цэргийн төв эмнэлгийн эмчээс илэрсэн. Мөн Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээд байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 702 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр:
Улаанбаатарт 376
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1175, эдгэрсэн 745 байна. Сүүлийн 24 цагт 34 хүн эдгэрч эмнэлгээс гарсан сайхан мэдээтэй байна.
Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 420 хүн эмчлүүлж байна” гэв.