“Алмаазан” ажилтныг хэрхэн бэлтгэх вэ

2020-03-4 Подкаст

Стратегийн удирдлага нь системийн орчны харилцан шүтэлцээ буюу тэдгээрийн ирээдүйн төлөв байдалд шилжих шилжилтийн зураглал юм. Энэхүү зураглалыг байгууллагын хөгжлийн газрын зураг гэж ойлгож болох бөгөөд дараах асуултуудад хариу өгдөг.

Эдгээр нь:

=Бид ирэх гурав эсвэл тав, арван жилд хаана хүрэх вэ?

=Зорьж буй ирээдүйд хүрэхийн тулд бид өрсөлдөөнд хэрхэн ялах вэ?

=Өрсөлдөөнд ялахын тулд хүмүүсээ хэрхэн, яаж бэлтгэх вэ?

=Ямар техник технологи, материаллаг баазыг ашиглах вэ?

=Санхүүгийн нөөцөө хэрхэн бэлтгэх вэ?

=Ямар бүтэц зохион байгуулалттайгаар дээр дурьдсан асуудлуудыг зөв удирдан зохион байгуулах вэ гэдэг асуултууд юм.

Стратегийн удирдлагыг дан ганцаар хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээлтэй иймд бусад менежментийн арга хэрэгслүүдийг өргөнөөр хамруулан ашиглах нь зүйтэй. Учир нь менежментийн 80 орчим төрлийг хэрэгжүүлэх эх ундарга нь стратегийн удирдлага бөгөөд энэхүү удирдлагагүйгээр тогтоосон зорилго, чиглэл, цаг хугацаагүй “бизнес аялал”-ыг бий болгох аюултай.

Монголын бизнесийн ба төрийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд учирч буй гол саад бэрхшээлүүдийн нэг нь хүний хүчин зүйлс юм. Стратеги удирдлагын хувьд гадаад орчноос нөлөөлж буй нөлөөлөлд дотоод орчноос хариу үйлдэл үзүүлэх гол субьект болохын хувьд хүнтэй холбоотой хүчин зүйлс нь онцгой ач холбогдолтой. Үүнийг дараах менежментийн дараах бүрдүүлэгч ойлголтуудаар тодорхойлж болно. Багийн менежмент. Сайн баггүйгээр стратегийн төлөвлөгөөг төсөөлөхийн аргагүй. Иймд багийн менежментийг хөгжүүлэхэд сайтар анхаарах хэрэгтэй бөгөөд хуурамч багуудыг чадвартай баг, чадвартай багийг чадамжтай баг, чадамжтай багийг өндөр гүйцэтгэлтэй баг болгон хөгжүүлж байж л алсын хараатай, тэмүүлэл бүхий мэдлэг ур чадвартай багийг бүрдүүлж чадна.

Энэхүү баг нь байгууллагыг хүсч буй ирээдүйд хүргэж чадах гол хүчин зүйл болж өгдөг. Хувь хүний менежмент ба карьеер менежмент. Өндөр гүйцэтгэлтэй багийн менежментийн нэг онцлог нь хамгийн шилдэг нь байх сэтгэхүй билээ. Энэхүү сэтгэхүйг бий болгоход тухайн багийн гишүүдийн сэтгэлгээ, туршлага, сэтгэл зүтгэл, хандлага онцгой нөлөөтэй. Хувь хүмүүсийн итгэл үнэмшил, хүсэл эрмэлзлэл байгууллагын зорилготой уялдаж байж тэрхүү стратегийн өрсөлдөөний өндөрлөгт хүрэх боломж бүрдэнэ. Байгууллага өөрийн үнэ цэнэтэй ажилтнууд буюу “алмазан” ажилтнуудаа алтан бугуйлаар бугуйлдаж, алтан аргамжаар аргамжиж гэмээ нь урт хугацаанд хамтран ажиллаж олон жилийн цаадах зорилго зорилтууддаа хүрнэ.

Алмазан ажилтны шинж чанар нь тэдгээрийн мэдлэг ур чадвар, харилцаа, эрүүл бие бялдар, өөрийгөө удирдах чадвар, зорилгодоо хүрэх сэтгэлийн тэнхээгээр илрэн гардаг.

Энэхүү ажилтнуудыг карьер менежментийн бодлогоор дэмжиж өгөх нь чухал байдаг. Цаг хугацааны менежмент. Стратеги удирдлагын гол мөн чанарын нэг нь цаг хугацааны үнэ цэнэ юм. Цаг хугацаа байнга хувьсан өөрчлөгдөх бөгөөд тэрхүү өөрчлөлтөд зохицон, нийцэх чанар нь энэхүү удирдлагын баримт бичиг буюу стратеги төлөвлөгөө юм. Бүхий л төлөвлөгөө нь цаг хугацаатай уялддаг. Стратегийн төлөвлөгөө нь урт хугацаанд ерөнхий хүрэх цэгийг тодорхойлж байдаг бол тус төлөвлөгөөг дунд хугацааны хөтөлбөрөөр дэмждэг. Хөтөлбөргүй стратеги төлөвлөгөө бол сумгүй буу эсвэл буугүй цэрэг дайнд орохтой адил зүйл гэдгийг онцгойлон авч үзэх хэрэгтэй.

Учир нь байгууллагууд дунд хугацааны тактикийн төлөвлөлт буюу хэрэгжүүлэх хөтөлбөрийг анхааран авч үзэхгүйгээр урт хугацааны стратегийг шууд богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан авч үздэг нь тус төлөвлөгөө хэрэгжихгүй байх алдаанд хүргэдэг болно. Гүйцэтгэлийн удирдлага. Стратеги төлөвлөгөө бол алс хэтийн төлөв рүүгээ очих арга замыг тодорхойлсон стратеги удирдлагын удиртгал болсон баримт бичиг юм. Зүйрлэж хэлбэл аварга том мөсөн уулын усны төвшин дээр харагдаж буй өчүүхэн шовх орой бол стратеги төлөвлөгөө, харин усан доор нуугдах эх бие нь стратеги удирдлагын процесс юм. Иймд стратеги удирдлагын процесгүйгээр жинхэнэ стратеги төлөвлөгөө гэж үгүй. Стратеги төлөвлөгөөний их бага, гоё сайхан, муу сайнаас байгууллагын амжилт огт хамаарахгүй, харин стратеги удирдлагын процесс буюу уялдаатай удирдлагыг (стратеги төлөвлөгөөг бий болгогч) хэр нэвтрүүлснээс, хэр сайн ажиллаж байгаагаас ирээдүйн амжилт шууд шалтгаална.

Стратеги удирдлагын процессыг хэрхэн байгууллагадаа бий болгох вэ.

BSC буюу байгууллагын “Тэнцвэржүүлсэн үнэлгээний арга”-ыг нэвтрүүлснээр үр дүн гарна гэж үздэг. Мэдлэгийн менежмент ба инноваторууд. Стратегийн удирдлагыг нэвтрүүлж, төлөвлөгөө боловсруулах ажил нь нарийн дэг журам, шинжлэх ухааны болон ирээдүйг тольдох зөн билгийн зэрэг олон ур чадваруудыг шаардана. Ингэхийн тулд гадаад орчны бүх л өөрчлөлт, шинэчлэлд зөв, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болно. Энэ нь тухайн байгууллагыг суралцагч байгууллага байхыг шаардсаар байх болно. Өөрөөр хэлбэл, байгууллага байнга гадаад орчиндоо зохицохын тулд хариу үйлдэл хийх ёстой. Энэ нь ухамсарт хариу үйлдлүүдийг хийхийн тулд таньж мэдэх шаардлага бий болно гэсэн үг.

Энэхүү хариу үйлдлийг инноваторууд хийх хэрэгтэй болдог. Гэтэл байгууллагуудад тэрхүү инноваторууд хүрэлцээтэй бус байдаг. Иймд мэдлэгийн менежмент ашиглан байгууллага шинийг санаачлагч, хөгжүүлэгч, өрсөлдөгч инноваторуудыг бий болгох боломжтой юм. Анхаарах нэг чухал асуудал бол байгууллагууд хүмүүсээ сургахад анхаардаг боловч энэ нь үр дүн муутай байдаг. Учир нь сургалт нь стратегитэй уялдаа холбоо муутай байдгаас гадна мэдлэг эзэмшсэн инноваторуудаа амархан алдчихдаг нь хүний нөөцийн сул бодлоготой холбоотой билээ.

Эх сурвалж: Newsmedia.mn

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.