Бахдам амжилтын эзэн Б.Бадамсүрэн

2019-01-21 Танил биш танил

“Дархан фитнесс”-ийн багш, дасгалжуулагч  Б.Бадамсүрэнг фитнесс сонирхогч хүүхэд, залуус болон тамирчдаас өөр хүмүүс төдийлөн таньдаггүй байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр түүнийг дарханчуудаас гадна Монгол даяараа мэддэг болжээ. Тайландын Банконг хотод зохиогдсон ДАШТ-ний “Атлетик фитнесс” ангилалд  Дарханы Б.Бадамсүрэн түрүүлж тив дэлхийд нэр алдраа тамгалсан юм. Дэлхийн аварга хэмээн нэр хүндтэй алдар цолыг Монголдоо,  Дархан хотдоо авчирч чадсан Б.Бадамсүрэнгийн бахдам амжилтыг магтаад баршгүй.  Бадмаа олон хүүхэд, залууст үлгэр дууриалал болж байна. Бахдам амжилтын эзэн,  дэлхийн аварга Б.Бадамсүрэнгийн амьдралын талаар цухасхан боловч танилцуулъя.

Батцэцэгийн Бадамсүрэнгийн бага нас  Завхан аймагт өнгөрсөн байдаг. Дунд сургуульд байхдаа хөнгөн атлекитаар хичээллэдэг, сагсан бөмбөг, волейбол, теннис тоглох дуртай байсан ч хот, улсын чанартай уралдаан тэмцээнд  оролцож үзээгүй юм билээ. Дунд сургуулийн биеийн тамирын багш нь Бадмааг маш их гүйлгэдэг байсан нь хөлийн булчингийн суурь хөгжилд сайнаар нөлөөлж, тус дэм, үндэс суурь болсон байж магадгүй юм. Бадмаа дунд сургуулиа төгсөөд  Дархан хотод оюутан болон иржээ. Тэрбээр бага зэрэг махлагдуу, их бүрэг, ичимхий, өөртөө итгэлгүй охин байсан аж. Үг дуу  цөөн, хөдөөгийн эгэл даруу, төлөв түвшин охин болохоор хүний нүүр рүү ч эгцлэн харж чаддаггүй шахам байсан гэдэг.  Тийм болохоор үргэлж бусдаас харц буруулан доош харж, газар шагайж явдаг  байжээ. Харин фитнессийн спортоор тогтмол хичээллэсний үр дүнд Б.Бадамсүрэн өөрийгөө олж, нээж, дотор хүнээ сэрээж чадсан юм. Түүний гадаад бие бялдрын хөгжил өөрчлөгдөхийн хэрээр дотоод мөн чанар нь сэргэж, амьдралын зорилго, хүсэл тэмүүлэл нь оргилон буцалж, өөртөө итгэх, итгэл үнэмшил нь бүрэн сэргэжээ. Спорт түүнийг  бүрэн өөрчилж, харц дээгүүр өөртөө итгэлтэй алхах цоо шинэ хүн болгон төлөвшүүлж, итгэл найдвар, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, гоо сайхан, ёс зүй төлөвшилийг бүрэн шингээж өгсөн байна.

Б.Бадамсүрэн өөрийн тэсвэр, тэвчээр, хичээл зүтгэл, зорилгодоо хүрэх гэсэн шаргуу, уйгагүй  хөдөлмөрч зан чанарынхаа хүчинд ийнхүү амжилт гаргаж дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртэж чадсан. Тэр энэ бүх амжилтаа өөрийнхөө найз охинтойгоо байнга холбон ярих дуртай.  Анх Бадмаад найз охин нь хамтдаа аэробикээр хичээлье гэсэн саналыг тавьсан гэдэг. Найзынхаа үгэнд орж бусад охидын адил жингээ хасаж, турах, хөдөлгөөний дутагдлаа нөхөх, эрүүл байх зорилго тавин 2006 оноос эхлэн аэробикээр хичээллэж эхэлжээ. Аэробикийн Туул багшийнх нь нөхөр Ариунболд фитнесс, бялдаржуулах урлагийн дасгалжуулагч хүн байв.

Бялдаржуулах урлагийн дасгал хөдөлгөөн, тамирчдын бие бялдрын хөгжил Бадмаагийн сонирхлыг татах болжээ. Удаа ч үгүй тэрбээр аэробик, фитнессийг хослуулан хичээллэдэг болсон байна. Өдрөөс өдөр өөрчлөгдөж байгаа өөрийнхөө бие галбирын өөрчлөлт, булчингийн ялгарлыг хараад илүү их урам зориг орж, хүсэл тэмүүлэл нь бадарчээ. Ариунболд багш нь 2008 оны УАШТ-нд оролцоход клубийнхэн нь бүгд очиж дэмжижээ. Улсын аваргад оролцож байгаа эмэгтэй тамирчдыг хараад Бадмаад тэмцээнд орж үзэх хүсэл сонирхол төрөв .  Тэр бодлоо багшдаа хэлж зүрхлэхгүй явсаар 2009 онд тойруу замаар дуулгасан байна.  Ингээд бэлтгэлээ сайн базааж 2010 онд анхны тэмцээндээ орлоо.  Тэр тэмцээнийг их удаан хүлээсэн болохоор маш их догдолж байв.

Ийнхүү Бадмаагийн спортын гараа амжилттай эхэлсэн түүхтэй. Бадмаа 2010 онд анх удаа орж үзсэн УАШТ-ний “Мисс фитнесс” ангилал, “Мисс модель” ангилалаас хос алтан медаль хүртсэн юм. Түүний дараа жил 2011 онд  УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж,  Ази тивийн аваргад оролцож “Мисс фитнесс” ангилалд “тусгай байр”-ын шагнал хүртэв.  Улмаар 2012, 2013 онд УАШТ-ээс хос алтан медаль, 2014 онд мөнгөн медаль, 2015 онд алтан медаль хүртэж, Азийн аваргаас алтан медаль хүртлээ. Үүний дараа жил 2016 онд Тайландад болсон ДАШТ-ний “Фитнесс” ангиллаас хүрэл медаль, “Атлетик” ангиллаас алтан медаль хүртэж дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг эх орондоо, Дархан хотдоо авчирсан билээ.

Бадмаа Ариунболд багшийнхаа байгуулсан “Дархан фитнесс” клубийг үргэлжлүүлэн хүлээн авч, амжилттай ажиллуулж байгаа. Аэробик, фитнессийн багш, дасгалжуулагч хийхийн хажуугаар өөрийнхөө бэлтгэл сургуулилтыг тохируулан хийх, цаг наргүй ажлыг гүйцэтгэж явна. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл бэлтгэлийн зааланд түүний амьдрал үргэлжилдэг. Бүсгүй хүнд ахадсан гэмээр хүнд хэцүү сорилт, бэрхшээлийн өмнө сөхөрч туйлдалгүй туулж явна. Түүнд маш их хүсэл тэмүүлэл, эрч хүч бий. Бадмаа өөрийн зорьсон зорилгодоо заавал хүрч байж санаа нь амардаг зантай. Тийм ч учраас Бадмаа спортод өөрийгөө бүрэн зориулж, баяр наадам, шоу цэнгээнээс хол байж чаддаг. Энэ зан чанар нь түүний гэр бүлийн амьдрал зохиох гэж яарахгүй байгаатай холбоотой байж магадгүй. Ер нь Бадмаа зорьсон зорилгодоо хүрсний дараа амьдрал, хайр дурлалын асуудалд анхаарал хандуулна гэсэн бодолтой явдаг юм билээ. Ар гэрийн бүхий л ажлыг ээж нь амжуулдаг болохоор санаа зовох зүйлгүй, зөвхөн бэлтгэлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж чаддаг.

Бадмаа өөрийн найз охины хамт үүргэвчтэй аялал хийхээр сэтгэл шулуудан Дарханаас Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Завхан аймаг хүртэл аялалд явсан юм. Хөвсгөлд явахдаа автын осолд өртөв. Нурууны үе нь сэтэрч, мултарч мурийсныг мэдэлгүй тэвчиж явсаар аялалаа дуусгажээ.  Аялалын дараа гэмтлийн эмчид үзүүлж, нурууны зураг авхуулаад л хүнд гэмтэл авснаа мэдсэн байна. Бадмаагийн нурууны булчингийн хөгжил сул байсан бол  мултарч мурийсан нурууны үе нь мэдрэлийн судасаа дарж, бүсэлхийнээс доош мэдрэлгүй болох аюултай тулгарах байжээ. Спортын байнгын тогтмол бэлтгэл сургуулилт, хүчирхэг нурууны булчин, бие бялдрын хөгжил, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат нь түүнийг аварч үлджээ.

Бадмаа чөлөөт цагаараа аялах дуртайгаас гадна жүдо бөхийн тэмцээн үзэх сонирхолтой гэсэн. Олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Д.Сумьяа, М.Уранцэцэг,  Г.Отгонцэцэг, Ц.Мөнхзаяа, М.Бундмаа нарын барилдааныг шимтэн үздэг юм билээ.  Мөн дугуй, мотоциклээр Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар аялахыг мөрөөддөг гэнэ лээ. Түүний мөрөөдөл биелэх нь дамжиггүй. Их спорт Бадмаад ёс зүйн хүмүүжил, гоо сайхан, бие бялдар, тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг, өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүүлэл, зорилготой амьдрах эрч хүчийг өгчээ. Мөн өөрийгөө хөгжүүлэх ухамсар, урагшлах хүчийг Бадмаа их спортоос олж авч чадсан байна.

НА.ОТГОНБААТАР

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.