Хөрөнгийн зах зээл яагаад манай улсад хөгжихгүй байна вэ?

2019-06-1 Нийтлэл

Дэлхийн нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж, саяхан л Азийн “чоно” улс гэж цоллогдоод байсан Монгол Улсад ойрын жилүүдэд гадны хөрөнгө ихээр орж ирсэн. Монгол компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох боломж бий болж, одоо ч манайд Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэхдээ Монгол Улс зах зээлийн системд орж, хөрөнгийн бирж байгуулагдаад 20 гаруй жил болоод байхад яагаад хөрөнгийн зах зээл манай улсад хөгжсөнгүй вэ. Гэтэл мөнгөний зах зээл, банк санхүүгийн байгууллагын хөгжил зохих түвшинд хүрчихээд байдаг.

КОМПАНИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хууль эрхзүйн орчин хангалтгүй байгаа нэг шалтгаан байж болно. АНУ-д компанийн засаглалд чиглэсэн, компанийн муу засаглалаас үүдэн олон мянган иргэдийг хохироосон Энрон, Уордком зэрэг томоохон луйвруудаас сургамж авсан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай Сэрбэйнс-Оксли (Sarbanes-Oxley) хуулийг батлан хэрэгжүүлж байна. Энэ хууль нэг талаас хэт нарийн, компанийн дотоод асуудал байхаар зүйлстэй хүртэл орооцолдсон гэж шүүмжлэгдэх боловч үр дүнгээ өгч, хөрөнгийн зах зээлдээ итгэл алдаад байсан хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадсан.

Харин Монгол Улсад компани, түүнд хувь нийлүүлэн эзэмшиж буй этгээдүүдийг хууль зүйн хүрээнд Иргэний хууль, Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль гэсэн гурван хуулиар л ерөнхийдөө зохицуулж байна. Гэвч эдгээр хуулийн зорилго нь хэт өргөн хүрээг хамарсан байгаа учир хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, компани сайн засаглалтай байх ёстой тухай дурдсан зүйл төдийлөн байхгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалсан Хууль зүйн албан ёсны (De Jure) хамгаалалт сул байна.

Нөгөө талаас хүн болгоны амны зугаа болгон ярих дуртай байдаг, уг үндсийг нь сайн мэддэггүй ч бүгд л хэрэглэдэг “Монголын хууль гурав хоног” гэдэг үг байна. Уг нь Манжийн дарлалд байх үедээ Монголын ноёд Манжийг эсэргүүцсэндээ тэндээс гаргасан хуулийг дуулгавартай гурав хоног сахиад тэгээд зөнд нь хаядаг байснаас Манжууд гаргасан үг шиг байгаа юм. Гэхдээ энэ үг өнөөгийн нийгэмд ч биелэлээ олсон хэвээр байгаа нь харамсалтай. Тиймээс өнөө сул хуулийн маань бодит амьдралдаа (De Facto) хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаална гэдэг бүр л бүрхэг болоод явчихна.

Ингээд бодохоор “хар гэртээ хаан, бор гэртээ богд” нь болоод өөрийнхөө юмыг өөрөө мэдээд л явж байсан нь дээр болж таарч байгаа биз. Компанийн засаглал гэдэг ойлголт бол компанид хувь нийлүүлэгчид нь тухайн компаниа яаж өөрийнхөө хөрөнгийг өсгөх, ашигтай байлгах зорилгодоо нийцүүлэн ажиллуулах тухай ойлголт юм. Компани гэдэг үгтэй холбогдохоор л ойлгомжгүй болчихоод байгаа болохоос “засаглал” гэдэг үгийн утга яг хэвээрээ явж байгаа. Манай улс бол зөвхөн монгол хүний өмч учир монгол цустай хүн улсаа “засаглах” эрх нь Үндсэн хуулиар олгогдсон байдаг. Тэр эрхээ өөрийн биеэр болон төлөөлүүлэн хэрэгжүүлж болно. Энэ зарчмын үүднээс ард түмэн Улсын Их Хурлыг /хууль тогтоон, засаглагч/, түүнээс Засгийн газар /Улсын Их Хурлын засаглалыг хэрэгжүүлэгч/, мөн Ерөнхийлөгчийг /шүүх засаглалыг томилогч/ өөрсдийгөө төлөөлүүлэн сонгодог. Энэ хэлбэрийг компанид тусгавал тухайн компани нь хувь нийлүүлэгчийн өмч учир өөрсдийгөө төлөөлүүлэн Төлөөлөн Удирдах Зөвлөл, Хянан Шалгах Зөвлөл хоёрыг сонгоно. ТУЗ нь гүйцэтгэх захирал болон бусад топ менежерүүдийг сонгодог. Харамсалтай Монгол улсад энэ зөвхөн онолынхоо түвшинд л байна. Микро түвшинд компанийн сайн засаглал нь хувь нийлүүлэгдийн эрх ашиг, итгэлцлийг зангидаж байдгаараа ашигт ажиллагаа, үр ашгийг дээшлүүлдэг. Компанийн хяналттай, гүйцэтгэл сайтай сайн засаглал нь нэг хүний өмчит компанийг бодвол дураараа дургих боломжийг хааж, хамгийн оновчтой шийдвэрийг гаргах боломж олгодогоороо хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их байлгаж болдог. Хувь нийлүүлэгчийн эрхийг сайн хамгаалдаг орнууддах капиталын өгөөж нь муу хамгаалдаг орнууддах өгөөжөөс даруй хоёр дахин их байдаг байна. Компанийн засаглалын чанар, мөнгөний ханшийн уналт хоёр хоорондоо урвуу хамааралтай байдаг зэргээс үзэхэд энэ нь макро эдийн засгийн түвшинд ч маш ач холбогдолтой ойлголт болох юм.

БИДНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ СУЛ ТАЛ

Энэ мэтээр компанийн сайн засаглалын ойрын болон холын ач холбогдлыг тооцвол үнэхээр үр ашигтай ойлголт юм. Угаасаа яаж ч бодсон “сайн” засаглал чинь “сайн” юм гэдэг утгаараа “сайн” л үр дүнд хүргэж таарах биз. “Муу” юм бол “муу” л юманд хүргэнэ шүү дээ. Харин Монгол Улсад компанийн сайн засаглал бий болоход зөвхөн эрх зүйн орчин хангалтгүй байна уу гэвэл тийм биш юм. Их Британи, Европын орнууд жишээ нь Англи улсад АНУ –ын “Сэрбэйнс-Оксли” шиг тусгайлсан хууль байхгүй, эрхзүйн хамгаалалт нь Монгол Улс шиг тухайн хуулиудаар хамгаалагддаг.

Харин ганц ялгаа нь хуулийн хэрэгжилт сайтай юм шиг байгаа юм (Монголд хуулийн хэрэгжилт муу гээд л үзчихээс дээ). Гэвч Англи улс байгууллагын засаглалын хэдэн зууны турш хөгжиж ирсэн онол, зарчимтай бөгөөд тэр нь бараг бизнесийн соёл болж төлөвшсөн байгаа. Үүнтэй адил, хэрвээ сэтгэл нь байвал Монголд ч гэсэн компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх боломж, бололцоо хангалттай бий. Гол асуудал монголчуудын сэтгэхүйд байгаа юм шиг.

Тэгэхээр эдийн засгийнхаа соёлын түүхийг бодоод үзье. 13-р зууны үсрэнгүй хөгжил буурч эхэлсэн үеэс эхлээд эдийн засаг, мөнгөний харилцааг бодоод үзвэл мөнгийг орлож байсан зүйл нь бог, бод малууд. Мал бол маш тогтвортой өгөөжтэй капитал. Гэхдээ нэг онцлог нь зуун хонь, мянган хонь хоёрын өгөөжийн хувь (%) ямар ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл капиталаа нэгтгэсний ашиг гээд байх юм байхгүй, зардал ч буурахгүй. Тэгэхээр өөр өөрсдийнхөө малыг хариулаад явж байсан нь ашигтай, амар байсан биз. Харин мөнгө бол өөр. 100 төгрөг, 1000 төгрөг хоёр өгөөжийн хувьд маш ялгаатай байж болно. Гэтэл бидний эдийн засагч сэтгэлгээ өмнөхөөсөө салахгүй байгаа юм шиг. (Минийх ч гэсэн) Сайн эмч өөрийн гэсэн эмнэлэг байгуулаад эмч биш CEO хийдэг болж. Сайн багш өөрийн гэсэн сургууль байгуулаад бас л багш биш CEO хийгээд байх юм. Хүн бүр л өөрийн гэсэн жижигхээн юм байгуулаад тав арван жилдээ амьдралаа болгоод байна. Гэвч нэг талаас тав арван жил гэдэг бол урт хугацаа биш.

Нөгөө талаас хоёрын хооронд олон жижигхэн бизнес хоорондоо өрсөлдөж, бие биенээ хэмлэхээс цаашгүй юм. Дэлхийд гайхуулах Монгол брэнд яах билээ? Тус бүр 10 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн 10 компани гарч ирээд хоорондоо алалцаж, “би чи”- дээ тулж байх хооронд өмнө нь өөр салбарт амжиж хөл дээрээ боссон байсан компани 100 төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд нөгөө 10 төгрөгтэй 10 компанийг ажилгүй болгох жишээтэй. Одоо л компанийн засаглалын тухай ойлголтыг хүн бүр ойлгож, сэтгэлгээгээ задалж чадахгүй бол урт хугацаанд Монгол Улсын бизнесийн салбар хэдхэн том хөрөнгө оруулагчийн гарт орох биз ээ.

ТҮРҮҮЛЖ ОЙЛГОСНЫ АШИГ

Эрт босвол нэгийг сонсоно гэдэг. Монголчууд бүгдээрээ сайн засаглалын ач холбогдлыг мэдэхгүй явсан уу гэвэл үгүй юм. Харин ч түрүүлж мэдсэн нь сүүлд мэдсэн буюу мэдээгүй байгаагынхаа толгойг эргүүлж байгаад муугаар хэлэхэд “залгичихдаг” байдал ажиглагддаг. Түрүүлж ойлгосны ашгийг гаргасан нэг үеийн жишээ бол өмч хувьчлалын үе байдаг. Тухайн үед хувьцаа гэдэг юмныхаа учрыг олоогүй байсан хүмүүсийн тасалбарыг арай жаахан сүйхээтэйнүүд нь цуглуулж аваад өмчүүдийг өөрийн болгочихсон гэсэн ерөнхий дүр зураг бий. Энэ бол Монголд л тохиолдсон зүйл биш. Ерөнхийдөө томоохон компаниудын худалдан авалтыг хийхдээ хувьцаа эзэмшигч болгонтой нь тулж ажиллаж, лоббиддог үндсэн зарчим, процесс бий. Энэ л зарчим Монголд минь үйлчилсэн, тэрийг нь түрүүлж ойлгосон хүмүүс нь ашигласан хэрэг.

ӨНДӨРТГӨЛ

Яг одоо бол манай улс хөгжлийн шийдвэрлэх үед тулаад байгаатай хэн ч маргахгүй биз. Энэ үеийг л зөв тийш нь эргүүлж чадвал бидний ирээдүй сайхан л болохоор байна. Зөв тийш нь эргүүлсэн туршлага ч байна. Жишээ нь Энэтхэг улс. Хөрөнгийн зах зээл ер хөгжихгүй, банк санхүүгийн байгууллагууд нь хэт түрүүлж хөгжсөн байснаа одоо дэлхийн хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогч болохоор зүтгэж явна. Тиймээс эхлээд компаний захирлууд сэтгэлгээгээ задлаад, дараа нь захирлууд нь хөрөнгө оруулагчдын сэтгэлгээг задалж өгмөөр. Бизнесийн сургуулиуд ч гэсэн “Компанийн засаглал” гэдэг хичээл орж эхэлмээр санагдана. Бүхнийг эхнээс нь эхлэхэд оройтоогүй байна. Хамгийн гол нь энэ зөвхөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тухай асуудал биш ХХКомпаниудын хувьд ч анхаарах ёстой асуудал юм гэдгийг бас ойлгоосой.

С.Уянга

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.