Б.Хүрэлбаатар: Бидэнд 900 алд харваж байсан түүх бий

2017-07-9 Спорт

 

Үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатартай ярилцлаа. Энэ жилийн наадамд  давхардсан тоогоор 1000 гаруй харваач харвахаар бүртгүүлжээ.  

 


 

 

-Монгол наадам сурын харваагаар эхэлсэн. Энэ жилийн хувьд хэт халуун өдөр олон байлаа.  Басхүү хуурайшилт ихтэй байгаа нь харваачдын хувьд бэлтгэлээ хийхэд хүндрэлтэй байв уу?

-Ер нь сурын харваачид маань байгаль цаг уураа мэдэрдэг. Энэ спортын онцлог тэр л дээ. Салхи, борооны алинд ч зохицуулж харвадаг учраас ямар ч харваачийн хувьд тухайн цаг ууртаа дасан зохицсон байдаг.

-Хэт халуунд сум тавихад хасаа онохгүй ч юм уу, аль эсвэл өөр зүгт сум явах тохиолдол гардаг уу?

-Манай эв нумын онцлог нь нартай халуун өдрүүдэд нум маань уярдаг. Уярна гэхээр зөөлөрч, нум сумны хаялт арай багасдаг гэх юм уу. Тэгэхээр харваачид маань цаг агаарынхаа нөхцөл байдалд зохицуулж өөрсдийн сумаа тавина. Магадгүй ойрын өдрүүдэд 35 хүртэл халж байна шүү дээ. Ийм халуунд 55-60 паунтын нум маань халуунд уярахаараа 55-45 болж буудаг. Энэ буултаа мэдэрч харвана гэсэн үг.

 

-Бэлтгэлээ базаах газар  харваачдад тун чухал байх. Хаана бэлтгэл хийдэг вэ? 

-Монгол Улсад байгаа стандартын талбай гэвэл сур харвааны талбайгаас өөр газар байхгүй. Сурын талбайд баяр наадмын бэлтгэл, засвар зэргээс болж  байнга бэлтгэл хийх боломж хомс байдаг.

-Харваач хүн өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийх ёстой байдаг вэ. Мэдээж тухайн тамирчны ур чадвараас хамаарч цаг нь өөр, өөр байдаг болов уу?

-Тамирчнаасаа л шалтгаална. Бэлтгэл нь ханасан хүн байна. Гэхдээ бүтэн өдөр бэлтгэл хийдэг. Яагаад гэхээр цаг цагаар нумын хаялт өөрчлөгддөг учраас тэр. Тэр цаг, минутын хувиралыг мэдэж авах хэрэгтэй. Тэгэхээр байнгын бэлтгэл сургуулилалттай байх ёстой.

-Энэ жилийн наадамд зориулж хэчнээн харваач бэлтгэлээ базааж байна вэ?

-Ер нь улсын хэмжээнд бүртгэлтэй 4000 гаруй харваач байдаг. Яг төрийн баяр наадам Улаанбаатар хотод болохоор энэ жил давхардсан тоогоор 1000 гаруй харваач харвана.

-Орон нутгаас хэр олон  харваач ирдэг вэ? 

-Төрийн баяр наадмаар улсын цол, зэрэг өгдөг учраас улсын цол, зэрэг авах бололцоотой харваачид маань бүгд л Улаанбаатарыг зоридог.  Тэр болгон бүх харваач ирж наадах боломж байхгүй. Сурын талбайн даац 504 харваач хүлээн авах хүчин чадалтай.

-Тэгэхээр 500 гараад л ирэхээр сурын талбайн даац бол хэтэрч байгаа л хэрэг байх нь?

-Тийм. Өнгөрсөн жил 540 харваач харвасан. Энэ жил яах уу, харваачдынхаа эрх ашгийг бодож бас нэг 600 хүргэчих санаа байна. Улсын аваргаар 540 харваач харвасан. Яах уу, зөв зохион байгуулалттай явбал 600 харваач харвах бололцоотой юм уу гэж харж байгаа.

-Жилээс жилд энэхүү спортод элэгтэй, басхүү сонирхон хөл тавьж буй хүүхэд, залуучуудын тоо их байдаг байх. Харваач болно гээд зориод ирсэн хүмүүст хэр өндөр шалгуур тавьдаг вэ?

-Сур харваа маш нээлттэй. Сонирхоод ирсэн залуучуудаас гадна олон улсаас ирж хүмүүс оролцох нь нээлттэй. Сүүлийн жилүүдэд үндэсний сурын харвааг сонирхогчид өсөж байна. Өсвөрийн улсын аваргын тэмцээнд л гэхэд 160 харваач оролцох жишээний. Үүнийг өнгөрсөн жилийн тоон үзүүлэлттэй харьцуулахад, 20 хувиар нэмэгдсэн байгаа. Энэ жилийн наадмаар өсвөрийн харваач 200 гарах байх аа гэж харагдаж байна.

-Энэ жилийн тухайд талбайн аль, аль хэсгийг засах вэ. Жилийн жилд засвар ордог ч сурын талбайд суудлаас авахуулаад дутуу зүйл зөндөө гэх шүүмжлэл яригддаг. Ер нь сурын талбайд дутагдалтай  юу байна?

-Сурын талбайн засвар гэж жилдээ будаг шунхны л ажил хийгддэг. Үнэхээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд басхүү харваачдаас гаднын үзэгчдийн тав тухыг бодолцож, суух орчинг бүрдүүлэх нь хангалтгүй байгаа нь үнэн. Яах уу, энэ жил Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос харваачдаа дэмжсэн. 55 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баруун талаар нь үзэгчдийн 365 суудал хийгдсэн. Гурван эгнээ сандалтай болсон.

 

-Тамирчдын гол үзүүлэлт, тэдний ур чадвар маш чухал. Гэтэл үзэгчдийн хувьд харваачдыг нум, сум төдийхнөөр нь төсөөлдөг байж магадгүй. Тэгвэл харваачдын маань хувьд эдлэл, хэрэглэл нь маш чухал байх?

-Манай үзэгчид харваачдыг зүгээр л нум сум харваж буй хүмүүс гэж хардаг. Гэтэл харваачид маш үнэтэй түүхэн өвийг хадгалж, хамгаалж, уламжлан үлдээхийн төлөө яваа хүмүүс. Монгол харваачийн өмсдөг эд хэрэглэл маш нарийн учир утгатай.

-Нум, сумаа  харваачид өөрсдөө хийдэг үү?

-Өөртөө тааруулж хийлгэнэ. Монгол Улсад 4-5 жилийн өмнө 4-5 хүн нум, сум үйлдвэрлэж байсан бол одоо 20-30 үйлдвэрлэгчтэй болж байна. Энэ нь маш том дэвшилт. Нум, сумны маань чанар чансаа сайжирч байна. Олдоц сайжирч байгаа нь сайшаалтай.

-Нум сумны одоогийн ханш ямар байгаа вэ?

-Бидний харвадаг нум сум 700 гаруй мянган төгрөг  орчим. Сум нь гэхэд багц нь 100 мянган төгрөг.  Нэг багцад таван сум байна.

-Харваачдын  нас жилээс жилд залуужих болсон?

-Өнгөрсөн жил баяр наадмын хамгийн залуу харваач хоёр нас, дөрвөн сартай хүүхэд байсан шүү. Хүүхдүүд хоёр настайгаасаа эхэлж харвах боломжтой.   70-80 хүрсэн ахмадууд ч байна. Ер нь насны хязгаар байхгүй учраас чөлөөтэй, сайхан наадаад явах боломжтой спорт.

-Харваачид зөвхөн хүсэл сонирхлоороо сум тавих нь давамгай байдаг байх. Үүний зэрэгцээ харваачдад цалин, хангамж гэж байх уу. Цол, зэргийн нэмэгдэл бий юу?

-Харваачдын шагнал, урамшуулал нь бага шүү дээ. Ер нь сурын харваагаар хичээллэж байгаа хүмүүс өөрсдийнхөө сонирхол, өв уламжлалаараа л хичээллэдэг. Дэлхийд монголыг харваачдаар нь мэднэ. Өнөөдөр Геннис гээд ярьж л байна. Сурынхан яагаад Геннист орж болдоггүй юм бол гэж ярьдаг. Гэтэл яс юман дээрээ харваачид чинь энэ спортыг дэлхийд мөнхөлсөн хүмүүс байхгүй юу. Жишээлбэл, Чингисийн чулууны бичиг гэж яригддаг. Үүнийг манайхан голцуу бичгийн соёлоор нь ярьдаг. Гэтэл тэр дотор бичигдсэн үг, үсэг, агуулга гэдэг маш чухал юм. Тэнд монгол харваач 335 алд метрт шилжүүлэхэд 510 метр газарт байг оносон байдаг. Манайхан үүнийг чулуун бичиг л гэж хардаг, бас боддог. Гэтэл дэлхийд монголчууд 1225 онд мөнхөлсөн.  900 алд харваж байсан түүх хүртэл бий шүү дээ. 900 алд гэдэг маань нэг км, 300-400 метр гэсэн үг.

-Одоо харваачдын харваж байгаа зайны хувьд…?

-Одоо бол манайхны эрэгтэй харваачид 75 метр, эмэгтэй нь 65, хүүхдүүд 35-45 гээд явдаг. Насны ангиллаар. Наймаас доош насны эрэгтэй хүүхэд насаа дөрвөөр үржүүлнэ, охидууд нь гурваар үржүүлээд харвадаг. Өөрөөр хэлбэл, тэгж зайг нь тогтоодог. Хамгийн гол нь энэ спорт маань монголын өв соёлоос гадна цагийг зөв боловсон өнгөрүүлэх эрүүл мэндэд маш том ашиг тустай. Хүн харвачихаад заавал сумандаа явдаг л байхгүй юу. Өдөрт 13-14 мянган метр алхана шүү дээ. Эд бэлтгэлтэй үед. Энэ нь тухай хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй. Хүүхдүүдийн хувьд ч фэйсбүүк, pс-нд донтох юм байхгүй болно. Үнэхээр сур харваагаар хичээллээд сурсан хүүхэд бол эрүүл агаар, байгаль орчинтойгоо дасна гэх зэргээр нарийн учир  их л дээ.

 

-Улсад цолтой харваач хэд байдаг вэ?

-4000 гаруй харваачдаас улсын цол, зэрэгтэй нь 800.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.