Энэтхэгийн эмч нар өнөөдөр “Интермэд” эмнэлэгт үзлэг хийнэ

2017-07-8 Мэдээ мэдээлэл

Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группийн элэг, зүрх судас шилжүүлэн суулгах тэргүүлэх зэрэглэлийн эмч нар энэ сарын 08-нд буюу өнөөдөр “Интермэд” эмнэлэгт үзлэг хийнэ.

Ази дахь хамгийн том эмнэлгийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нэг “Фортис” групп нь олон чадварлаг мэргэжилтэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, нарийн болон төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй дэлхийн жишигт нийцсэн байгууллага юм. Тус групп нь Энэтхэг даяар гуравдагч болон дөрөвдөгч шатлалын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 10 мянган ор бүхий 54 эмнэлэг, 260 оношилгооны төв, өндөр чадвартай 23 мянган ажиллах хүч, баг хамт олонтой, өдөрт 3100 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард тус группын элэг болон чөмөг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч нар ирж монгол өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвлөгөө өгсөн юм. Харин энэ удаад Зүрх судас шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн эрхлэгч Др.К.Р.Балакришнан Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга Др.Вивек Вижийн хамт хүрэлцэн иржээ.

Др.К.Р.Балакришнан нь зүрхний төгсгөлийн шатны архаг дутагдлын эмчилгээнд хүлээн зөвшөөрөгдсөн эмч бөгөөд зүрх шилжүүлэн суулгах Энэтхэгийн хамгийн том хөтөлбөрийг тэргүүлдэг. Тэрбээр жилдээ 40 гаруй зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийдэг нь Ази тивд хамгийн томд тооцогддог юм. Түүнчлэн тэрбээр зүрхний төрөлхийн эмгэг өвчний цогц эмчилгээний өргөн туршлагатай эмч юм.

Монголчуудад хэдийнэ танил болсон Др.Вивек Виж 50 гаруй монгол өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн эмч юм. Др.Виж болон түүний баг хамт олон нийт 2500 гаруй элэг шилжүүлэн суулгасан бөгөөд өвчтөнд 95 хувь, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дээд амжилт тогтоож байжээ.

Др.К.Р.Балакришнан төгсгөлийн шатны зүрхний архаг дутагдал, зүрхний төрөлхийн гажиг, зүрхний гол судасны эмгэгийн үзлэг хийх бол Др.Вивек Виж элэг шилжүүлэн суулгах, элэгний архаг эмгэг, элэгний хатуурал, хавдрын үзлэг хийх юм.

“Фортис” группын эмч нарын хамт “Интермед” эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 10.00-13.00, 15.00-17.00 цагт үзлэг, оношилгоо хийнэ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.