Трампын муслим шашинтнуудад тавьсан хориг хэрэгжиж эхэллээ

2017-06-30 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын муслим шашинт зургаан орны иргэдэд тавьсан хориг өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Өмнө нь хоёр ч удаа холбооны шүүхийн хоригтой тулгарч гацаанд ороод байсан Трампын энэ шийдвэр “Хориг 2.0” нэрээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр Иран, Ливи, Сири, Сомали, Судан, Йемен гэсэн зургаан орны иргэд хэрэв АНУ-д үндсэн гэр бүлийх нь хэн нэгэн эсвэл бизнесийн түншүүд л байхгүй бол виз авч чадахгүй, Америкийн нутаг дэвсгэрт хөл тавьж чадахгүйд хүрч байгаа юм. Эдгээр улсын иргэдийн хувьд эмээ өвөө нь юм уу авга, нагац нь Америкт байдаг ч ойрын төрөл гэж үзэхгүй учраас виз олгохгүй аж.

Трампын санаачилсан эл хоригийг өмнө нь Дээд шүүхээс хууль бус гэж үзсэний улмаас хэрэгжүүлж чадаагүй бол энэ долоо хоногийн эхээр хоригийг хэсэгчлэн зөвшөөрсөн учраас хэрэгжих боломжтой болжээ. Энэ дагуу ирэх 90 хоногийн дотор дээрх улсын иргэд Америкт төрсөн эцэг эх, эхнэр нөхөр, төрсөн хүүхэд, төрсөн ах дүүс нь байгаа хүмүүс л виз авах боломжтой. Мөн бизнес, сургалтын зорилгоор зорчиж буй эсвэл давхар иргэншилтэй хүмүүст АНУ-ын үүд хаалга нээлттэй байх гэнэ. Шүүхээс хоригт хэсэгчлэн хязгаарлалт хийгээгүй бол Трампын анх гаргасан санаагаар дээрх зургаан орны иргэд давхар иргэншилтэй байсан ч АНУ-д нэвтэрч чадахгүйд хүрэх байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч энэ шийдвэрээ үндэсний аюулгүй байдлын төлөө хэмээн тайлбарлаж, Парис, Лондон зэрэг Европын томоохон хотууд халдлагад өртөж буйг жишээ болгон дурддаг. Гэвч олон нийтийн хувьд үүнийг АНУ-ын үндсэн бодлого зарчмаас ухарсан хэрэг, шашнаар ялгаварлан гадуурхаж буй явдал гэж шүүмжилсээр байгаа билээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.